Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн вакциныг хурдан хөгжүүлж байгаагийн цаад нууц юу вэ?

ikon.mn
2020 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: DW

Эрдэмтэд эрүүл чийрэг залуу хүмүүст гэнэт тохиолдож, амь насанд нь хүрч байсан уушгины ховор хатгаа өвчин болон хурдан тархацтай хорт хавдрын өвчнүүдийн шалтгаан болсон шинэ вирусийг 1984 онд анх олж тогтоолоо. 

ДОХ-ын вирусийг өөрийг нь олж тогтоосон тэр мөч удаан хүлээсэн чухал мөч байсан юм. “ДОХ-ын аюул удахгүй арилна” хэмээн АНУ-ын Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Маргарит Хеклер зарлаж, вакциныг 2 жилийн дотор бүтээнэ гэж итгэл төгс амлав. Гэвч 36 жилийн дараа ДОХ-ын вакцин гараагүй хэвээрээ л байна.

Шинжлэх ухааны сэхүүн мөрөөдлийн тухай сургамжит ийм үлгэр байдаг боловч ДОХ-ын вакцин бүтээхэд хамаг амьдралаа зарцуулсан бусад судлаачийн амжилтгүй хичээл зүтгэлээс бий болсон үнэт туршлага, мэдлэг одооны коронавирусийн вакцин бүтээх замд томоохон хувь нэмэр болж байгаа нь бас үнэн юм.

Өнгөрсөн хэдэн арван жил ДОХ-ыг судлах судалгааны явцад олж авсан хүний дархлалын систем, төрөл бүрийн вакцины технологиудын талаарх мэдлэгийг коронавирусийн эсрэг хөрвүүлэн ашиглаж, ДОХ-ын судалгааны үед бүрэлдүүлсэн, дэлхийг хамарсан эмнэл зүйн туршилтын сүлжээг COVID-19 өвчний вакциныг туршихад ашиглаж эхэллээ. Маш богино хугацааны дотор лабораториуд, туршилтын цэгүүд, мэдээлэл, дээж цуглуулах сүлжээнүүд коронавирусийн эсрэг ажиллагаанд шунган орсон нь түүнээс өмнө асар их хөрөнгийг ДОХ-ын судалгаанд зориулж, дэд бүтэц нэгэнт үүсгэсэн байсны ач юм.

Төхөөрөмжүүд болон мэргэжилтнүүд бэлэн байв. Халдвар хяналтын дэглэмийг сайжруулав. Зааварчилгааг шууд тараав. “ДОХ-ын судалгаанд зориулсан хөрөнгө оруулалт COVID-19-тэй тэмцэх тэмцлийг боломжтой болгосон юм” гэж өмнө нь ДОХ-ын вакцин дээр ажиллаж байсан, одоо коронавирусийн вакцины хамгийн амжилттай судалгаан дээр ажиллаж буй, Бостоны Бет Израил Деаконес анагаах ухааны төвийн харьяа Вирус, вакцин судлалын төвийн захирал Дан Х.Бароу хэлсэн билээ. Мөн Өмнөд Африкийн Кейп Тауны их сургуулийн Халдварт өвчин, молекул, анагаах ухааны хүрээлэнгийн ДОХ-ын төвийн захирал Десмонд Туту “Вакцинаа аваад ир, бид COVID-ийн вакциныг туршихад бэлэн байна” гэж мэдэгдэв. 

ДОХ-ын вирус нь чөтгөрийн төвөгтэй вирус бөгөөд вакцинаас бултахдаа үнэн чадамгай (ДОХ-ын вирус болон HCV-ийн вирус нь мутацийн хамгийн өндөр идэвхтэй вирусүүдэд тооцогддог). Харин коронавирусийн хувьд илүү тогтвортой байх бүрэн үндэслэлүүд байгаа юм.

Зөвхөн ДОХ-ын вакцины судалгаан дээр л үндэслэж коронавирусийн вакцины хөгжүүлэлт хурдан урагшилж чадна. Билл ба Мелинда Гейтс сангийн ДОХ, сүрьегийн салбарын захирал Нина Рассел “ДОХ-ын вакцин, урьдчилан сэргийлэх асуудал дээр байсан тэргүүлэх судлаачид маань COVID-19-ийн тохиолдолд манай ажлын үнэхээр гайхалтай, түргэн шуурхай гол хөдөлгүүр нь байж чадлаа” гэж  хэлэв.

ДОХ-ын урьдчилан сэргийлэх, судалгааны ажлын багийн тооцоолсноор 2000-2018 оны хооронд 14.5 тэрбум ам долларыг ДОХ-ын вакцины судалгаанд зарцуулсан байна. Энэ хугацаанд 46 вакцин клиникийн урьдач болон клиникийн эхний шатуудаа давсан бол 100 орчим нь эхний шатаа даваагүй байна. Гэтэл өнөөдрийн байдлаар дөнгөж зургаахан сар судлагдсан  шинэ коронавирусийн эсрэг 160 орчим вакцин хөгжүүлэлтийн шатандаа явж байна. Эдгээрээс 21 нь клиникийн туршилтаа нэгэнт эхэлжээ. Төр ба хувийн компаниуд энэ салбарт хэдэн тэрбумаар нь хөрөнгө оруулж байна. 

Хоёр зорилго ийнхүү нийлэв. “ДОХ-ын салбар нь дархлаа судлал, вируслогийн чиглэлээр өөрийн лаборатори, суурь бааз бүхий маш олон судлаачтай бөгөөд тэд коронавирусийн вакцин гаргаж авах шинэ зорилгод тун хурдан шилжиж чадсан юм” гэж ДЭМБ-ын Даян дэлхийн ДОХ, хепатит, БЗХӨ-ний салбарын захирал Мег Дохерти хэллээ.    

Хоёр вирус, түлхүүр ялгаанууд

Шинжлэх ухаан 12-18 сарын дотор коронавирусийн ямар нэг вакциныг зах зээлд гаргаж чадна гэсэн итгэлтэйгээр мөрийтэй тоглож байна.

Судлаачид энэ 2 вирусийн гол ялгаанд их найдаж байгаа юм. ДОХ-ын вирус нь эсэд өөрөө нэвтрэн ордог бөгөөд ийм учраас вакцин түүнийг яаралтай, нэн даруй устгах шаардлагатай. Хүний дархлалын систем ДОХ-ын вирусийг дарах байгалийн ямар ч чадваргүй ба энэ нь вакцин бүтээхэд улам хүндрэлтэй болгодог. Мөн ДОХ-ын вирус SARS-Cov-2 гэж албан ёсоор нэрлэгдсэн коронавирусээс хамаагүй илүү хурдан мутацид орж хувирах чадвартай байдаг.

АНУ-ын Үндэсний анагаах ухааны хүрээлэнгийн захирал Францис Коллинс “Энэ мэдээж амаргүй ажил байх нь тодорхой. Гэхдээ надад итгэл өгч байгаа зүйл бол уг халдварын байгалийн түүх нь юм” гэж хэллээ. COVID-19 өвчнөөр шинж тэмдэггүй болон бүдэгхэн шинж тэмдэгтэй өвчилсөн олон хүн байгаа нь уг вирусийг хүний дархлаа байгалиасаа дарж чаддаг болохыг харуулж байгаа юм. “Энэ бол ДОХ-оос ялгарах гол ялгаа” гэж тэр хэлээд үргэлжлүүлэн “Ийм тохиолдолд вакцин ажиллах ёстой. Дархлалын системийг өдөөгөөд өгөхөд л вирусийг устгаж чадна” гэж тэр нэмж хэлэв.

Вакцины технологийн олон жилийн судалгаа нь эрдэмтдэд РНХ, ДНХ дээр тулгуурласан вакцинаас эхлээд эсэд вирусийн генийг оруулж өгөх аюулгүй хиймэл зөөвөрлөгч вирус гаргаж авах хүртэлх маш нарийн технологиудыг хөгжүүлэх боломжийг олгож, эргээд үүнийгээ коронавирусийн вакцин авахад ашиглах боломжтой болголоо. Жишээлбэл, ДОХ-ын вакцины технологи дээр 15 жил ажилласан Бароу өнөөдөр эсэд тодорхой генийг оруулж өгөх чадвартай, аюулгүй, хүйтэн (хиймэл) вирүс боловсруулах технологийг хөгжүүлчихээд байна. Эдгээр ген нь эсэд ДОХ-ын вирусийн тодорхой бүтцийн хэсгүүдийг кодлох бөгөөд улмаар дархлалын урвалыг үүсгэх чадвартай юм. Энэ шинэ технологи дээр үндэслэн ДОХ-ын нэгэн шинэ вакциныг эмийн аварга компани Жонсон ба Жонсон бүтээж, нэгдүгээр сарын эхний Баасан гарагт клиникийн туршилтад шилжүүлснээ зарлаж байх тэр үед Бароу жил бүр авдаг амралтаа эдэлж, Бостоны Шинжлэх ухааны музейг сонирхож явав. Яг тэр үед мэдээллийн хэрэгслийн гол сэдэв нь Хятадын Ухань хотод дэгдсэн, 41 хүн халдвар авч, 1 хүн нас барсан шинэ төрлийн хатгаа өвчний тухай анхны мэдээлэл байлаа.

Өнөөдөр 13 сая хүн халдвар авсан байдалтай харьцуулахад тэр үеийн тоо өчүүхэн мэт санагдах боловч Бароу болон түүний лаб-ынхан мэдээг тун соргог хүлээж авсан юм. Тэд ямар нэгэн зүйл хийхээр шийдлээ. Тэр өдрийн орой Хятадын тал вирусийн геномын мэдээллийг онлайн тавьж мэдээлсэн бөгөөд Бароугийн лаб-ынхан түүнийг судалж эхлэв. Бароу Жонсон ба Жонсоны талтай утсаар ярьж, вакцин бүтээхээр тохиролцоход төдийлөн их цаг ороогүй бөгөөд улмаар энэ сард уг вакциныг хүн дээр туршиж байна.

Тэд ДОХ ба Эболод зориулан бүтээсэн өөрсдийн вакцины суурь технологийг коронавирусийн өргөсний уургийг кодолдог болгон хялбархан өөрчлөх замаар шинэ зорилгоо хэрэгжүүлж чадсан юм. “Онолын хувьд энэ систем коронавирустэй тэмцэх эсрэг биеүүдийг үүсгэж, дархлааг өдөөх л ёстой. Хэрвээ ДОХ дээр ажлаагүй бол манай лаб болон аж үйлдвэрийн хамтрагчид маань ийм хурдан вакцин гаргаж авах боломжгүй байсан юм” гэж Бароу эцэст нь хэлэв.

“Тэд тэнд байв, тэд хөдлөхөд бэлэн байлаа”

АНУ нь олон жил ДОХ-ын вакцин ба эмүүдийг турших, логистикийн нийлмэл, том хэмжээний клиник судалгаа хийх зориулалт бүхий ДОХ-оос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны сүлжээг (HIV Prevention Network) бий болгосон юм.

“ДОХ-ын судалгааны хүрээнд бий болгосон дэд бүтэц дээр бараг 30,000 хүний вакцины иж бүрэн судалгааг хийж байна” гэж Сеатл дахь Фред Хатчинсон Хавдрын судалгааны төвийн ерөнхийлөгч, одоо COVID-19-өөс урьдчилан сэргийлэх ажлын сүлжээг хамтран зохион байгуулж буй, вируслогич Ларри Кори хэллээ. Судалгаанууд нь дата цуглуулж биостатистикийн боловсруулалт хийхээс эхлээд бүлгийн хэмжээний нэгж дээр том клиник судалгаа хийх, эрсдэлт бүлгийн хүмүүсийг нарийн судалгаанд хамруулах зэрэг төрөл бүрийн ажлууд байдаг.

Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн (NIH) долдугаар сарын 8-нд COVID-19-өөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны сүлжээг (Covid-19 Prevention Network) байгуулснаа зарлалаа. Энэ нь хэд хэдэн томоохон вакцины клиник судалгааны нэгдэл бөгөөд тэдгээрээс 2 нь шууд ДОХ-ын судалгаанаас тасарсан багууд байна.

Сүлжээний тэргүүлэгчид энэ удаа ажлын хэмжээ, сорилт урьд өмнөхөөс өөр болохыг дараах байдлаар цохон тэмдэглэв: Хүн болгонд ДОХ халдварлах эрсдэл байхгүй, харин хүн болгон коронавирус авах эрсдэлтэй байна!  Кори “Иймэрхүү ажлын сүлжээг бэлтгэж, судалгаануудыг ажилд нь оруулахад уул нь хэдэн жил шаардагддаг боловч энэ удаа хэдэн долоо хоногт л зохион байгууллаа. Ер нь бол зөв клиникийн судалгааг явуулах үндсэн нөхцөл нь судалгааны үр дүн хаана ч хүлээн зөвшөөрөгдөх стандарт байх, хөргөгчнүүд нь гэнэт эвдэрчихгүй найдвартай ажилладаг нь батлагдсан байх, судлаачид нь судалгаанд оролцогчтой чадварлаг харьцдаг байх, менежерүүд нь олон жил үргэлжлэх судалгаанд зүгширсэн байх зэрэг энгийн мэт боловч цаг хугацаа шаардсан чухал зүйлүүд байдаг” гэж хэллээ.  

“Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн энэ маягийн судалгааны ажил хийх, том хэмжээний дэд бүтэц бүхий олон улсын ажлын сүлжээ байгуулах зорилгоор олон жилийн турш их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж ирсэн юм” хэмээн Чикаго дахь Иллинойсын их сургуулийн халдварт өвчин судлалын захирал Ричард Новак хэлээд “Аз болоход тэд тэнд байв, тэд хөдлөхөд бэлэн байлаа. Үгүй бол ийм зүйлийг босгоход хэдэн жил шаардагдана” хэмээн нэмж хэлэв.

Кейп Тауны Их сургуулийн Беккер “ДОХ-оос сурсан чухал хичээл бол вакцины олон хувилбарыг нэгэн зэрэг туршиж үзэх нь хамгийн зөв болов уу. ДОХ-ын вакцины хувьд бол нэг вакцины дараа нөгөө вакцин гэх мэтээр цуварч яваад түүний үр дүнг бүгд хүлээж, дараагийн вакцинаа хийдэг. Гэхдээ энэ нь цаг алддаг бол коронавирусийн хувьд бүгд зэрэг явах нь зүйтэй. Хэрвээ чи энийг хурдан хийхийг, мөн уралдаанд түрүүлэхийг хүсэж байгаа бол уралдааны замд зэрэг олон морь гаргаад олон янзын байдлаар уралдуулаад үз” хэмээн хэлж байна. Мөн Беккер “Дэлхий энэ уралдаанд олон ялагч хүсэж байгаа” гэж мөн хэлэв.        

Вакцин бүтээж буй тэргүүлэх судлаачид ”ДОХ-ын олон жилийн судалгааны явцад нийгмийн эмзэг бүлгийнхэн, эрсдэлт бүлгийнхэнтэй тогтоосон итгэлцэл, хамтын ажиллагааны туршлага бидэнд хэрэг болох нь гарцаагүй. Гэхдээ коронавирусийн хувьд түүний тархалтын хэв маяг, хамрах хүрээ, хурд нь биднийг шинэ нөхцөл байдалтай тулгаж байна. Жишээлбэл, ахмад настнууд ДОХ-ын судалгаанд угаасаа л фокус бүлэг биш байсан бол өнөөдөр коронавирусийн хувьд хамгийн чухал бүлэг болоод байна” хэмээн хэлж байна. “Бид өмнө нь энэ бүлгийнхэнтэй ажиллаж байсан туршлагагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй" хэмээн Валтер Рийд Армийн хүрээлэнгийн Халдварт өвчин судлалын төвийн захирал Нелсон Михайл хэллээ. 

 

Эх сурвалж: Washington Post 14.07.2020 

Орчуулсан: МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, Др. О.Одгэрэл