Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Оросууд НҮБ-ын тэргүүний өмнөөс Польшийн ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Польш улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж, одоогийн ерөнхийлөгч Андрей Дуда дахин сонгогдсон юм.

Тэгвэл сонгуулийн маргааш буюу Даваа гарагт Оросын хоёр пранкстер (дүрсгүйтэгчид) НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешийн өмнөөс Польшийн ерөнхийлөгчтэй утсаар холбогдож ярьсан 11 минутын урт бичлэгээ өчигдөр YouTube сүлжээнд байрлуулжээ.

Польшийн ерөнхийлөгчийн алба уг бичлэгийг хуурамч биш, жинхэнэ гэдгийг баталсан байна.

Утсаар ярихдаа хуурамч Гутерреш сонгуульд ялсанд нь баяр хүргэснийхээ дараа шинэ ерөнхийлөгчийг эвгүй байдалд оруулах асуултууд асууж сандаргажээ.

Тухайлбал бэлгийн цөөнхийн талаар сөрөг байр суурьтай байдаг Дудад үзэл бодлоо өөрчлөх даалгавар өгсөн байна.

Андрей Дуда үүнд ихэд гайхсан ч “хүн бүрийг адилхан хүндэлж явдаг”-аа Гутеррешт хэлж байжээ.

Мөн дүрсгүйтэгчид дэлхийн хоёрдугаар дайны өмнө Польшийн бүрэлдэхүүнд байсан Украины Львов хотыг буцааж авах санаагүй гэдгийг Андрей Дудагаар хэлүүлж чаджээ.

Уг ажиллагааг Оросын алдартай пранкстерууд болох Владимир Кузнецов (Vovan), Алексей Столяров (Lexus) нар зохион байгуулсан байна.

Тэд өмнө нь Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Британийн ерөнхий сайд Борис Жонсон, ханхүү Харри, поп од Элтон Жон зэрэг алдартнуудыг мөн ийм аргаар эвгүй байдалд оруулж байжээ.

Польш улсын аюулаас хамгаалах албаныхан дүрсгүйтэгчид хэрхэн ерөнхийлөгчтэй нь холбогдож чадсан, үүнд Оросын тусгай албад оролцсон эсэхийг мөрдөн шалгаж байгаа гэнэ.

Утасны дуудлага НҮБ дахь Польш улсын элч төлөөлөгчөөр дамжиж орж ирсэн байх магадлалтай гэж урьдчилсан байдлаар таамаглажээ.

Эх сурвалж: Associated Press