Армени, Азербайжан улсуудын хил дээр Ням гарагт эхэлсэн зэвсэгт мөргөлдөөнд хамгийн багадаа 16 хүний амь үрэгдээд байна.
Гурван өдөр үргэлжилсэн тулалдааны үеэр Азербайжаны талаас 11 цэрэг, нэг энгийн иргэн алагдсан бол Армени улс дөрвөн цэргээ алджээ.
Азербайжаны хохирогчдын дотор армийн генерал байгааг албаныхан мэдээлсэн байна. Зэвсэгт мөргөлдөөнийг түрүүлж эхлүүлсэнд талууд бие биеэ харилцан буруутгасаар байгаа юм.
Өвөр Кавказын энэ хоёр улс Нагорно Карабахын газар нутгийн маргааны улмаас олон жилийн турш дайсагналцаж байгаа.
Энэ бүс нутагт гарсан дайн 1994 онд дууссан юм. Азербайжаны харьяанд байсан Нагорно Карабахыг тэр цагаас хойш армени үндэстний зэвсэгт бүлэглэл хянаж байгаа ба Армени улсын засгийн газар тэднийг дэмждэг.
Хоёр улсын зөрчлийг арилгах олон улсын хамтын нийгэмлэгийн хичээл зүтгэл үр дүнд хүрээгүй юм.
Энэ удаагийн мөргөлдөөний үеэр Азербайжаны талаас Берд хот руу дроны халдлага зохион байгуулсныг Армений батлан хамгаалах яам мэдээлжээ. Дронуудын нэгийг буудаж устгасан гэсэн байна.
Харин Азербайжаны тал энэ мэдэгдлийг няцааж, Армений нэг дроныг буудан унагаж, их бууны ангийг нь устгаснаа мэдээлжээ.
Үүнээс гадна Азербайжанаас засгийн газрын вэбсайт руу нь халдлага зохион байгуулсан тухай Армений тал мэдэгдсэн байна.
Даваа гарагт Армений ерөнхий сайд Никол Пашинян зэвсэгт мөргөлдөөнийг эхлүүлсэн Азербайжан улсад хатуу хариуцлага хүлээлгэхээ амлажээ.
Харин Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев хөрш улс нь ээлжит өдөөн хатгалгаа эхлүүлснийг мэдэгдээд газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалахаа батлан илэрхийлсэн байна.
Угсаа гарал, шашин соёл нэгтэйд тооцогддог Турк улс Азербайжаны засгийн газрыг хүчтэй дэмжиж байгаагаа мэдэгджээ.
АНУ, Орос улсууд зэвсэгт мөргөлдөөн гарсанд харамсал илэрхийлж, хоёр улсын хооронд зуучлахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров хоёр улсын гадаад хэргийн сайд нартай Даваа гарагт утсаар ярьж, нэн даруй гал зогсоохыг уриалжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш мөн харамсал илэрхийлээд талуудад энхийн арга замаар зөрчил маргаанаа шийдвэрлэхийг уриалсан байна.
Армени, Азербайжан улсуудын хооронд гарсан энэ удаагийн хилийн мөргөлдөөн нь 2016 оноос хойш гарсан хамгийн том тулгаралтад тооцогдож байгаа юм.
Эх сурвалж: Reuters