Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/15-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын засаг захиргаа гадаад оюутнуудыг АНУ-аас хөөх төлөвлөгөөгөө цуцаллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр АНУ-ын цагаачлалын алба коронавирусийн тахлын улмаас хичээлээ онлайн орчинд шилжүүлэхээр болсон их сургуулиудын гадаад оюутнуудыг хилээр албадан гаргах төлөвлөгөөгөө зарласан юм.

Хэрвээ сургууль нь хичээлээ анги танхимд биш, онлайн орчинд заах шийдвэр гаргасан бол гадаад оюутнуудын визийг хүчингүй болгож, АНУ-аас албадан гаргахаар төлөвлөж байв.

Өнгөрсөн долоо хоногт Харвардын их сургууль, Массачусетсын Технологийн их сургууль хоёр энэхүү төлөвлөгөөг эсэргүүцэж, шүүхэд гомдол гаргасан юм.

Тэгвэл Бостон хот дахь Холбооны шүүх өчигдөр Трампын засаг захиргаа оюутнуудыг албадан гаргах төлөвлөгөөгөө цуцалсныг зарлажээ.

Цагаан ордон одоо нэгэнт АНУ-д суралцаж байгаа гадаад оюутнуудын статусыг хөндөлгүй, харин шинээр ирэх оюутнуудын визний бодлогыг чангатгах талаар судалж эхэлснийг албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Трампын төлөвлөгөө АНУ-д суралцдаг нэг сая гаруй гадаад оюутны хувь заяанд нөлөөлөхөөр байв. Коронавирусийн халдварыг хязгаарлах зорилгоор тус улсын олон их сургуулиуд хичээлээ онлайн болон хагас онлайн горимд шилжүүлэхээр төлөвлөж байгаа.

Харин одоо гадаад оюутнууд бүх хичээл нь онлайн болсон ч АНУ-д оршин суух эрхтэй үлдэж байна.

 

Эх сурвалж: CNN