Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Халдварын тархалтыг хумихад хөл хорио үр дүнтэй байгаа тул Казахстан долдугаар сар дуустал хориог сунгахаа мэдэгдсэн"

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 7 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дэлхийн хэмжээнд COVID-19 халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэв.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус өчигдөр болсон хурлаар халдварыг хязгаарлах чиглэлээр улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа бөгөөд цаашид нөхцөл байдал улам дордох шинжтэй байна гэдгийг улс орнуудад санууллаа.

Нийт халдвар авсан хүний тоо 13.2 сая гаруйд хүрснээс 7.2 сая хүн эдгэрч, 570 гаруй мянган хүн эндээд байна. 

АНУ

Тус улсад өчигдөр 60,400 шинэ тохиолдол, 312 нас баралт нэмж бүртгэгдэн, нийт халдвар авсан хүний тоо 3,296,000 гаруй болсноос 134,800 гаруй хүн эндсэн байна. 

Халдвар тус улсын 40 муж улсад өсөж байна. Үүнтэй холбоотойгоор Калифорни мужийн ихэнх газар ресторан, баар, кино театр, худалдааны төв, үсчин, гоо сайхан, сүм зэрэг байгууллагуудын үйл ажиллагааг хаахаар шийдвэрлэж, дэгдэлтийн эхний үед мөрдүүлж байсан гэрээс гарахгүй байх дэглэмд буцаж шилжихээр болж байна. 

Мөнх халдвар өндөр байгаа Техас мужийн Хьюстон мужид 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох шийдвэр гаргасан байна. 

АНУ-д наймдугаар сард хичээлийн шинэ жил эхэлдэг. Үүнтэй холбоотойгоор Лос Анжелос болон Сан Диего хотод намрын улиралд хичээлийг онлайн хэлбэрээр эхлүүлж, нөхцөл байдал дээрдсэн цагт танхимын сургалтыг эхлүүлнэ гэж мэдэгдсэн байна. Харин Нью-Йоркт наймдугаар сарын эхний долоо хоногт өдөрт бүртгэгдэх халдварын түвшин 5-аас доош байх тохиолдолд хичээлийг эхлүүлэх ба халдварын түвшинд цаашид 9 хувь давах нөхцөлд сургуулийн үйл ажиллагааг хаана гэдгээ мэдэгджээ. 

Бразил

Бразил улсад өчигдөр 20,200 гаруй тохиолдол, 733  нас баралт шинээр бүртгэгдсэн байна. Тус улсын батлагдсан халдвар 1,884,000 гаруй болсон ба 1,154,000 гаруй нь эдгэрсэн байна. 

Зүүн Өмнөд Ази

Энэтхэг улсад өчигдөр 28,700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэн нийт халдвар 878,200 гаруй боллоо. Тус улсад бүртгэгдсэн нийт нас баралт 23 мянга гаруй байгаа ба хүн амын тоотой нь харьцуулахад нэг саяд 13 нас баралт байгаа нь харьцангуй бага гэж үзэж байна. АНУ-д нас баралт нэг саяд 400 байгаа бол Бразилд 320 байна.

Казахстан

Тус улсад 1,646 шинэ тохиолдол, 23 нас баралт нэмж бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 59,899 болсон байна. Тус улсын Ерөнхийлөгч нөхцөл байдал арай дээрдэж байгаа гэсэн бөгөөд халдварын тархалтыг цааш хумихад хөл хорио үр дүнтэй байгаа тул долдугаар сарыг дуустал хөл хориог сунгана гэдгээ мэдэгдлээ.

Номхон далайн баруун бүс

Япон улсад Даваа гарагт 261 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлын 119 нь Токиод, Сайтамад 26, Осакад 18, Канагава болон Чибад тус тус 17 шинэ тохиолдолд бүртгэгдсэн. 

Австрали

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус улсад192 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 177 нь Викториа мужид, 14 нь Шинэ Өмнөд Уэльс, нэг тохиолдол Күйнслэнд мужид тус тус бүртгэгдлээ. 

БНСУ

Солонгос улсад 33 тохиолдол шинээр бүртгэгдсэний 14 нь дотоодын халдвар бөгөөд 11 нь Сөүл орчмын бүс нутагт бүртгэгдсэн байна. Харин хойд Чолла, хойд Чүнчон аймагт нэг тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. 

БНСУ-д коронавирусийн халдвар авч хүндэрсэн өвчтөнүүдэд Remdesivir тарилгыг хэрэглэхэд гурван хүн тутмын нэгийнх нь биеийн байдал сайжирч байсан талаар тус улсын эрүүл мэндийн салбарын удирдлагууд мэдээлсэн. Энэ нь дангаараа тарилгын үр нөлөө юу, эсвэл хавсран хэрэглэсэн эмчилгээ болон өвчтөний дархлаа зэрэг бусад хүчин зүйлээс шалтгаалсан уу гэдгийг нарийвчлан судлахаа мэдэгджээ. 

БНХАУ

Хятад улсын эх газарт Даваа гарагт коронавирусийн халдвар шинээр бүртгэгдээгүй. Харин гаднаас гурван тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Зургаадугаар сарын 11-ний өдрөөс хойш батлагдсан 335 тохиолдлоос өчигдөр 21 өвчтөн нэмж эдгэрэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 130 болов. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.