Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хэсэг саятнууд өөрсдөөс нь авдаг татварыг нэмэхийг уриаллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Олон саяар хэмжигдэх хөрөнгөтэй хэсэг хүмүүс өөрсдөөс нь авдаг татварыг нэмэх замаар коронавирусийн цар тахалтай тэмцэхийг эрх баригчдад уриалжээ.

Нийт 83 хөрөнгөтөн өндөр орлоготой хүмүүсээс авдаг татварыг нэмэгдүүлж, цаашид байнгын болгохыг хүссэн ил захидал бичсэн байна.

Тэдний дотор Дисней компанийн өв залгамжлагч Абигэйл Дисней, Ben & Jerry компанийн үүсгэн байгуулагч Жэрри Гринфелд зэрэг эрхмүүд багтжээ.

“Covid-19 тахал дэгдсэн энэ үед бидэн шиг саятнууд дэлхийгээ аврахад чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Бид эмнэлэгт өвчтөн асарч, сувилж чадахгүй. Бид түргэний тэрэг жолоодоод давхиж чадахгүй. Бид хөл хорионд байгаа хүмүүст хоол хүнс хүргэж чадахгүй. Гэхдээ бидэнд их хэмжээний мөнгө бий. Өнөөдөр тахалтай тэмцэхэд мөнгө хэрэгтэй, хямралын дараа сэргэхэд мөнгө хэрэг болно” гэж тэдний захидалд бичсэн байна.

Захидалд АНУ, Их Британи, Шинэ Зеланд зэрэг дэлхийн долоон улс орны саятнууд гарын үсэг зуржээ. Энэ долоо хоногийн сүүлээр “Их 20”-ын бүлгийн гишүүн орнуудын сангийн сайд нар, төв банкны захирлууд чуулах гэж байгаа юм.

Саятнуудын захидал энэ арга хэмжээнд чиглэсэн нь тодорхой байна. Чуулганы үеэр хөрөнгөтнүүдээс авах татварыг нэмэгдүүлэх асуудал яригдах юм.

Цар тахлын улмаас хохирсон эдийн засгийг сэргээх үйлсэд илүү их хөрөнгө мөнгө зориулахыг дэлхийн тэргүүн баячуудад уриалах явдал сүүлийн үед нэмэгдэж байна.

Тухайлбал дэлхийн хамгийн баян хүн, Амазон компанийн босс Жэф Безосын хөрөнгийн хэмжээ хөл хорионы улмаас улам бүр нэмэгдэж байгаа. Тэрбээр цар тахалтай тэмцэх үйлсэд $100 саяыг хандивласан нь нийт хөрөнгийнх нь ердөө 0.1 хувь болж байгааг хүмүүс шүүмжилж байна.

 

Эх сурвалж: BBC