Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

Арабууд анхны сансрын хөлгөө маргааш Ангараг гараг руу нисгэнэ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 7 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) маргааш буюу Лхагва гарагт сансрын хөлгөө Ангараг гараг руу анх удаа нисгэхээр бэлдэж байна.

Ингэснээр тус улс Арабын орнуудаас хамийн түрүүнд гараг хоорондын хөлөг сансрын уудамд илгээсэн улс болох юм.

SUV автомашины хэмжээтэй хөлгийг “Hope” гэж нэрлэж байгаа бөгөөд долоон сарын дараа Ангараг гарагт хүрэх ажээ. Хүрсэн хойноо хөлөг Ангарагийн тойрог замд байрлаж, тус гарагийн атмосферийг нарийвчлан судлах юм.

Үр дүнд нь Ангараг гарагийн уур амьсгалын нэг бүтэн жилийн зураглалыг гаргах ажээ. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд анхны ийм судалгаа болох юм.

АНЭУ-ын хөлөг Улаанбаатарын цагаар маргааш өглөө үүрээр Япон улсын Тэнагашима Сансар Судлалын Төвөөс хөөрөх ажээ.

Энэ сард “Hope”-оос гадна хоёр сансрын хөлөг Ангараг гараг руу нисэх гэж байна. Ангарагт газардах дараагийн станцаа NASA долдугаар сарын 30-нд хөөргөх бол Хятад улс энэ сард багтаан мөн өөрийн газардагчийг тойрог замд ажиллах станцын хамт хөөргөхөөр болжээ.

Олон хөлөг бараг зэрэг хөөрөх болсон шалтгаан нь Ангараг гарагийн тойрог зам дэлхийн тойрог замтай ойртох цаг үе таарч байгаатай холбоотой.

Хэрвээ энэ боломжийг алдвал 2022 онд тохиох дараагийн боломжийг хүлээх хэрэгтэй болно.

Эмиратын хөлөг амжилттай хөөрвөл 2021 оны хоёрдугаар сард Ангарагийн тойрог замд хүрч, хоёр жилийн турш ажиллана.

 

Эх сурвалж: Tech Insider