Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Япон улсад Ням гарагт COVID-19-ийн 409 шинэ тохиолдол бүртгэгдсэн

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс, орнуудын COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Тэрбээр мэдээллийн эхэнд "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр өчигдөр дэлхий дахинд COVID-19-ийн 230,300 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь халдвар анх дэгдсэн цагаас хойш 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр тоо боллоо" гэв.

Шинээр батлагдсан халдварын дийлэнх нь АНУ, Бразил, Энэтхэг зэрэг улсад бүртгэгджээ.

АНУ 

АНУ-д Ням гарагт 62,900 гаруй шинэ тохиолдол, 900 гаруй нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр халдвар авсан нийт хүний тоо 3,236,000 гаруй болж, 134,500 гаруй нь эндсэн байна.

Өнгөрсөн 24 цагт Флорида мужид халдварын тохиолдлын тоо 15,000-аар нэмэгдсэн талаар тус мужийн эрүүл мэндийн газраас мэдээлсэн бол Нью Йорж мужид мөн 10,000 гаруй тохиолдлоор нэмэгдсэн. АНУ-ын 50 муж улс болон харьяалагдах нутаг дэвсгэрээс 33 муж улс, нутаг дэвсгэрт нь халдвар нэмэгдэж, эмнэлгийн орны ачаалал, ус хүрэлцэхгүй болж байна. 

Бразил

Бразил улсад өчигдөр 24,800 гаруй тохиолдол, 631 нас баралт бүртгэгджээ. Тус улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо өссөн дүнгээр 1,864,000 гаруй болсноос 1,123,000 гаруй нь эдгэрчээ.

Энэтхэг

Зүүн Өмнөд Азийн бүс дэх Бүгд найрамдах Энэтхэг улсад өчигдөр 28,600 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэтхэг улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол өссөн дүнгээр 850,000 орчим боллоо.

Халдварын тохиолдлын дийлэнх нь хүн ам ихтэй томоохон хотуудад илэрч, улам нэмэгдсээр байна. Халдварыг хязгаарлах үүднээс мужууд хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо.

Өмнөд Африкийн бүгд найрамдах улс

ӨАБНУ-д өчигдөр 13,500 шахам шинэ тохиолдол бүртгэгдсэнээр халдварын тохиолдлын тоо өссөн дүнгээр 264,000 гаруй боллоо.

Тус улсын зарим хотод халдвар эрчимтэй тархаж байна. Африкийн Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр Өмнөд Африкийн бүгд найрамдах улс нь тус тивд бүртгэгдсэн нийт тохиолдлын 40 гаруй хувийг дангаараа эзэлж байгаа бөгөөд тус улсад хоногт тогтмол 10,000 гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Ингэснээр эмнэлгийн ор, хүчилтөрөгчийн хангамж дутагдалд орж эхлээд байгаа юм. 

Математик загварчлалаар Өмнөд Африкт өвчний оргил үе 8-9 дүгээр сард тохионо гэж Африкийн Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс мэдээлжээ. 

Австрали

Австралийн холбооны улсад өчигдөр 279 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгдлээ. Үүнээс 273 нь Викториа мужид илэрсэн. 

Япон

Япон улсад Ням гарагт 409 шинэ тохиодол бүртгэгдсэн. Үүний 206 нь нийслэл Токио хотод, 32 тохиолдол нь Осакад батлагдсан байна. 

БНСУ

БНСУ-д өчигдөр 62 тохиолдол бүртгэгдлээ. Шинээр батлагдсан халдварын тохиолдлын 19 нь дотоодын халдвар бол бусад нь гадаадаас зөөвөрлөгдсөн юм. Гадаадаас зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдол нэмэгдсээр байгаа тул шинжилгээний бичигтэйгээр нэвтрүүлэх жагсаалтдаа Бангладеш, Казахстан, Киргизстан зэрэг улсыг нэмэхээр болжээ.

БНХАУ

Хятадын эх газарт өчигдөр дотоодын халдвар бүртгэгдээгүй байна. Харин гаднаас 8 тохиолдол зөөвөрлөгдсөн талаар тус улсын Эрүүл мэндийн хорооноос мэдээлсэн. 

Зургадугаар сарын 11-ний өдрөөс хойш бүртгэгдсэн 335 тохиолдлоос өчигдөр 14 өвчтөн эмчлэгдэн гарснаар нийт 109 хүн эдгэрчээ.

Хонг Конг

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонг Конгод өчигдөр 38 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 30 нь хүн амын дундах халдвар юм. Уг 30 тохиолдлын 17 нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал бол бусад халдварын тохиолдлын шалтгааныг тодорхойлж чадаагүй аж. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.