Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хабаровскийн захирагчийг баривчилсан явдлыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Оросын алс дорнодод болжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Мужийн захирагчийг нь гэмт хэрэгт холбогдуулан баривчилсныг эсэргүүцсэн олон мянган иргэн өчигдөр ОХУ-ын алс дорнодын Хабаровск хотод жагсаал зохион байгуулжээ.

Жагсагчид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины эсрэг агуулгатай уриа, зурагт хуудас барьсан байв. Пүрэв гарагт Хабаровск мужийн захирагч Сергей Фургалыг 15 жилийн өмнө гарсан хүн амины хэрэгт холбогдуулан баривчилсан юм.

Тэрбээр хоёр жилийн өмнө эрх баригч Нэгдсэн Орос намын нэр дэвшигчийг сонгуульд ялж, мужийн захирагч болж байжээ.

Фургал өөрөө Либерал Ардчилсан Намын гишүүн юм. Фургал сонгуульд ялснаар эрх баригч намын нөлөөг Хабаровскт бууруулж, нэр хүнд нь өссөн тул Москвагийн эрх баригчид зайлуулах арга хэмжээ авсан гэж нутгийн иргэд үзэж байна.

 

Өчигдөр 600,000 оршин суугчтай Хабаровск хотын иргэдийн 40,000 орчим нь жагсаалд оролцсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Энэ нь Хабаровск мужийн түүхэнд гарч байгаагүй өндөр тоо болохыг сөрөг хүчнийхэн мэдээлсэн байна.

Мужийн бусад хотуудад ч бага хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагджээ. Жагсаал тайван болж, цагдаа нар баривчилгаа явуулаагүй өнгөрсөн байна.

2018 онд Сергей Фургал эрх баригч намын нэр дэвшигчийг олон саналын зөрүүгээр ялсан юм. Тэрбээр төрийн албан хаагчдын тоог бууруулж, өмнөх захирагчийн тансаг завийг дуудлага худалдаагаар зарах зэрэг шинэчлэлт хийж эхэлснээр Хабаровскийн иргэдийн дунд нэр хүндээ өсгөөд байгаа.

Фургалыг 2004-2005 онуудад гарсан хоёр аллагын хэргийн захиалагч байсан гэж ОХУ-ын мөрдөн байцаах газар буруутгажээ. Харин орон нутгийн иргэд захирагчтай нь холбоотой хэргийг эрх баригчид яагаад 15 жилийн дараа гаргаж ирсэнд гайхаж байгаа юм.

 

Эх сурвалж: BBC