Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск Зөвлөлтийн алдарт зохион бүтээгчийн гэр бүлийг SpaceX компанитай танилцуулахаар урьжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Зөвлөлтийн алдарт пуужингийн зохион бүтээгч Сергей Королевын гэр бүлийнхнийг SpaceX компанитай танилцуулахаар АНУ-д урьснаа  тэрбумтан Илон Маск өчигдөр мэдэгджээ.

Королевын гэр бүлийнхэнтэй холбогдож ярилцсан тухайгаа Маск твиттер хуудсандаа бичээд Зөвлөлтийн эрдэмтнийг салбартаа хамгийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг байсан гэж магтсан байна.

SpaceX компани тавдугаар сарын сүүлээр анхны сансрын нисгэгчээ тойрог замд хүргэсэн юм. Энэ нь арав орчим жил үргэлжилсэн Оросын монополийг халж, Америкчууд өөрийн газар нутгаас өөрийн хөлгөөр сансарт нисэх боломжийг нээсэн үйл явдал байв.

Нэрт зохион бүтээгчийн ач хүү Андрей Королев энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан Илон Маск руу баяр хүргэсэн захидал илгээж байжээ.

Үүний дараа Илон Маск видео холбоогоор Королевын гэр бүлтэй 20 минутын турш холбогдож ярилцсан юм байна.

Энэ үеэр Маск тэдний гэр бүлийнхнийг цар тахлын хорио дууссаны дараа АНУ дахь SpaceX компанийн үйлдвэрт зочлон ирж, пуужин сансарт хөөргөх үйл ажиллагааг нүдээр харахыг урьсан тухай Андрей Королев мэдээлжээ.

Тавдугаар сарын 31-нд Московский Комсомолец сонинд өгсөн ярилцлагадаа Андрей Королев америкчуудын амжилтаар бахархаж байгаагаа илэрхийлж байв. Тэр бас Орос улс сансрын судалгаагаа  Роскосмост даатгахаа зогсоож, хувийн компанид шилжүүлэх хэрэгтэйг ярьж байжээ.

2014 онд АНУ-ын засаг захиргаа ОХУ-д хориг тавьсны дараа Роскосмосын тэргүүн Дмитрий Рогозин “тэд сансарт нисэхийн тулд трамплин ашиглавал таарна” хэмээн америкчуудыг басамжилж байсан юм.

Андрей Королев ярилцлагадаа “Түүний хэлснийг уншсан хүн бүр өмнөөс нь ичиж байв” гэж Рогозиныг шүүмжилжээ.

Москва хотод оршин суудаг Андрей Королев нь спортын бэртэл гэмтлийг судалдаг анагаах ухааны доктор, профессор юм. Түүний өвөө Сергей Королев нь Зөвлөлтийн сансар судлалын эцэгт тооцогддог бөгөөд дэлхийн анхны хиймэл дагуул Спутникийг бүтээхэд онцгой гавьяа байгуулсан юм.

 

Эх сурвалж: Associated Press