Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн цар тахал хүлэмжийн хийг түүхэн дээд хэмжээгээр бууруулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн цар тахал хүлэмжийн хийг хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй хэмжээгээр бууруулсныг өчигдөр нийтлэгдсэн судалгааны тайланд өгүүлжээ.

Хөл хорио, хил хаалт, үйлдвэрүүдийн зогсолтын үр дүнд дэлхийн хүлэмжийн хийн хэмжээ 4.6 хувиар буюу 2.5 гигатонноор буурсныг Сиднейн Их сургуулийн судлаачид тооцоолсон байна.

Тэд дэлхийн 38 бүс нутаг, эдийн засгийн 26 салбарыг хамарсан судалгаа хийсэн бөгөөд үр дүнг нь “Plos One” сэтгүүлд нийтлүүлжээ.

Цар тахлын хугацаанд дэлхий даяар агаарын бохирдол 3.8 хувиар буурсны дотор хүхрийн давхар исэл, азотын исэл тус бүр 2.9 хувиар буурсан байна.

Хүлэмжийн хийн хэмжээ хамгийн их буурсан бүс нутаг нь АНУ болон Хятад улсууд болжээ. Нөгөө талаар эдийн засгийн хор хохирол нь ч хамгийн өндөр байсныг судалгаа харуулсан байна.

Хоёрдугаар сарын сүүлээс тавдугаар сарын хооронд цар тахлын улмаас дэлхий даяар 147 сая хүн буюу нийт ажиллах хүчний 4.2 хувь нь байнгын ажлын байраа алджээ. Үүний улмаас хүн төрөлхтний хэрэглээ $3.8 их наядаар буурсан байна.

Европ тивийн хувьд мөн адил эдийн засгийн үлэмж хохирол амссан ч хүлэмжийн хийн бууралт бага байсан нь тус тивийн эрчим хүчний салбар шатдаг түлшнээс хамаарал бага байдагтай холбоотой гэж дүгнэжээ.

Хэдийгээр байгаль орчин, уур амьсгал талаасаа ашигтай байсан ч 2050 онд дэлхийн дулаарлын өсөлтийг Цельсийн 1.5 хэмд хязгаарлах хүн төрөлхтний зорилго биелэхэд хангалтгүй байгааг судлаачид анхааруулсан байна.

Тодруулбал жил бүр хүлэмжийн хийн хэмжээ дэлхий даяар 4.6 хувиар буурсан ч дээрх зорилгод хүрэхийн тулд 2020-2030 онуудад жил бүр дахин 3 хувиар бууруулах ёстой болж байгаа ажээ.

Хамгийн сүүлд хүлэмжийн хийн хэмжээ мэдэгдэхүйц буурсан тохиолдол нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямрал болсон байна. Тухайн үед агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ 0.46 гигатонноор буурч байжээ.

Цар тахлын дараа хүн төрөлхтөн энэ боломжийг ашиглан эдийн засгийн системээ бүрэн шинэчилж чадвал уур амьсгалын өөрчлөлтийг удаашруулж болно гэж судлаачид дүгнэсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian