Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Хонг Конгт бүх сургуулийн үйл ажиллагааг Даваа гарагаас эхлэн зогсоохоор болжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс, орнуудын COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

АНУ

АНУ-д сүүлийн 24 цагт 59,200 гаруй тохиолдол, 799 нас баралт шинээр бүртгэгдлээ.

Ингэснээр тус улсад нийт халдвар авсан хүний тоо 3,106,000-д хүрч, нийт 132,800 гаруй хүн эндээд байна.

Бразил

Бразил улсад өчигдөр 45 мянган хүн шинээр халдвар авч, 1,214 хүн уг өвчний улмаас нас барлаа.

Өнөөдрийн байдлаар Бразил улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо өссөн дүнгээр 1,800,000 гаруйд хүрсэн байна.

Нийт халдвар авсан хүмүүсийн 1,078,000 нь эдгэрсэн гэж Бразилын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

БНЭУ

Баасан гарагт Энэтхэг улсад нийт 26,500 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 793,800 гаруй боллоо.

Энэтхэгт бүртгэгдсэн халдварын 60 гаруй хувь нь Шинэ Дели мужид бүртгэгдсэн байна.

Мөн тус улсад хүн ам шигүү суурьшдаг бүс нутгуудад дахин хөл хорио тогтоож эхэлжээ.

Япон

Номхон далайн баруун бүсийн Япон улсад өчигдөр шинээр 430 хүн коронавирусийн халдвар авжээ.

Шинэ тохиолдлуудын дийлэнх нь буюу 243 нь Токио хотод бүртгэгдсэн байна.

Австрали

Австралийн холбооны улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 307 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Шинэ тохиолдлуудын дийлэнх нь буюу 288 нь Виктория мужид бүртгэгджээ.

БНСУ

БНСУ-д өчигдөр шинээр 35 тохиолдол бүртгэгдлээ.

Тус улсад сүүлийн нэг сарын хугацаанд гаднаас халдвар зөөвөрлөгдөх тохиолдол тууштай буурахгүй байгаа. Үүний улмаас эрсдэл өндөртэй улсаас ирэх зорчигчдод нуклейн хүчлийн шинжилгээ хийж, сөрөг хариу гарсныг нь нэвтрүүлэхээр болжээ.

Түүнчлэн шинжилгээний хариу сөрөг байхаас үл хамааран бүх зорчигчдыг 14 хоног карантинд оруулах зэрэг арга хэмжээг өргөтгөх шийдвэр гаргажээ.

Сүүлийн хоёр долоо хоногт тус улсад бүртгэгдсэн нийт 736 тохиолдлын 38.2 хувь нь гаднаас зөөвөрлөгдсөн аж.

БНХАУ

БНХАУ-ын эх газарт Баасан гарагт дотоодын шинэ халдвар бүртгэгдээгүй. Харин гаднаас хоёр тохиолдол зөөвөрлөгдсөн гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ.

Зургаадугаар сарын 11-ны өдрөөс хойш Бээжинд батлагдсан 335 тохиолдлоос дахин 12 хүн эмнэлгээс гарч, нийт 84 нь эдгэрээд байна.

Хонг Конг

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүх Хонг Конгт өчигдөр шинээр 38 тохиолдол бүртгэгдлээ.

Шинэ тохиолдлуудын 32 нь хүн амын дундах дотоодын халдвар гэдгийг Хонг Конгийн Эрүүлийг хамгаалах газраас мэдээлсэн байна.

Сүүлийн өдрүүдэд Хонг Конгт хүн амын дундах халдвар нэмэгдсээр байгаа бөгөөд нийт батлагдсан тохиолдол 1,403 болсон.

Иймд Хонг Конгийн Боловсролын товчооноос Даваа гарагаас эхлэн бүх сургуулийн үйл ажиллагааг хаах болсноо мэдэгдсэн байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/338269320502304

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.