Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Нас баралтын хувь өндөртэй “үл мэдэгдэх хатгаа” өвчин Казахстанд гарсан тухай Хятадын элчин сайдын яам мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Казахстан улс дахь Хятад улсын элчин сайдын яам тус улсад үхлийн аюултай “үл мэдэгдэх хатгаа” өвчин зургаадугаар сарын дундаас эхлэн дэгдсэн тухай өөрийн иргэдэд анхааруулжээ.

“Энэ өвчний нас баралтын хувь хэмжээ шинэ коронавирусийнхтэй харьцуулахад маш өндөр. Одоогоор Казахстаны эрүүл мэндийн яам хатгаа өвчний вирусийг судалж байгаа ч бүрэн тодорхойлж чадаагүй байна” гэж Хятад улсын элчин сайдын яамны анхааруулгад өгүүлсэн байна.

Хэдийгээр Хятадын элчин сайдын яам уг өвчнийг “үл мэдэгдэх хатгаа” гэж нэрлэж байгаа ч Казахстаны албаныхан, хэвлэлүүд зүгээр л “хатгаа” гэж ярьж, бичиж байгаа ажээ.

Яг ямар шалтгаанаар Хятадын тал “үл мэдэгдэх” гэж онцолсон нь тодорхойгүй байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Казахстаны Атырау, Актобе мужууд болон Шымкент хотод өнгөрсөн сарын дундаас эхлэн хатгаа өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн гэнэ.

Хятад улсын элчин сайдын яамны мэдээлснээр дээрх гурван голомтод нийт 500 орчим хүн өвдөөд байгаагийн 30-ынх нь биеийн байдал хүнд байна.

Казахстанд энэ оны эхний хагаст 1,772 хүн хатгаа өвчнөөр нас барсны 628 нь зургаадугаар сард бүртгэгджээ. Тэдний дотор Хятад улсын иргэд байсан тул элчин сайдын яам нь ийм анхааруулга гаргасан байна.

Нийслэл Нур-Султан хотын эрүүл мэндийн газрын дарга Сауле Кисикова саяхан Казинформ мэдээллийн агентлагт ярихдаа “Өдөр бүр хатгаагаар өвчилсөн 300 орчим хүн эмнэлэгт хэвтэж байна” гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр зургаадугаар сард Казахстан даяар 1,700 орчим хүн хатгаагаар өвчилсөн нь өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин өндөр байгаа гэнэ.

Казахстан улсад коронавирусийн тахалтай холбоотой хорио цээрийн дэглэмийг тавдугаар сарын 11-нээс эхлэн сулруулсан ч халдвар дахин нэмэгдсэн зарим бүс нутгуудад буцаан сэргээж эхлээд байгаа.

Тус улсад сүүлийн байдлаар коронавирусийн халдварын 51,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 264 хүн нас бараад байна.

 

Эх сурвалж: South China Morning Post