Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Индра: Зам засварын ажлыг хамгийн их хөдөлгөөнтэй, их ус тогтож байгаа газраас эхэлж хийдэг

Б.Энхзаяа, Өдрийн сонин
2020 оны 7 сарын 9
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Б.Индратай ярилцлаа.

-Энэ зун хийгдэх зам засварын ажлуудын талаар мэдээлэл авч болох уу?

-Улаанбаатар хотын авто замын засвар, арчлалтын ажлууд одоогийн байдлаар 60 гаруй хувьтай явагдаж байгаа.

Нөхөөс, заадас, тэмдэг, тэмдэглэгээ гэх зэрэг зам арчлалтын бусад ажил үе шаттай хийгдээд явж байна.

Бидэнд тулгарч байгаа гол хүндрэл нь зам арчлалтын ажил хийхэд усархаг бороо үргэлжлэн орж байгаа явдал. Тийм учраас технологийн горим алдагдуулж, татвар төлөгчдийн мөнгийг үнэгүй зардал болгохгүйн тулд бид яалт ч үгүй нүхэн эвдрэлүүдийг хатааж, чийгийг нь гаргаж байж хөрөнгө тавин, нөхөн сэргээлтийн ажлуудыг хийж байгаа. 

Өдөр бүр орж байгаа борооноос үүдэн авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс ямар ч байсан гар хумхин суугаагүй.

Томоохон хэмжээний нүхэн эвдрэлүүдийг бид дайрга, хайргаар дүүргээд хөдөлгөөний эрчмийг тасалдуулалгүй, хэвийн явуулах үүднээс 24 цагийн хоёр ээлжээр манай инженерүүдээ ажиллаж байна.

-Энэ жил ямар томоохон ажлууд төлөвлөгдсөн байгаа вэ?

-Энэ жил төлөвлөсөн ажлуудаас Тасганы овооны замыг сая дуусгааж, хөдөлгөөнөө нээчихлээ. 

ТЭЦ-4-ийн замын талаар маш их өргөдөл гомдол ирдэг байсан бол тус замыг шинэчлэлийн ажлыг эхлүүлээд байна.

Нийслэлийн зургаан дүүрэгт нөхөөс, тэмдэг тэмдэглэгээний ажлууд үргэлжлэн хийгдэж байгаа. Засвар шинэчлэлтийн ажлын тухайд ийм байна. 

Шинээр тавьж байгаа замын тухайд, ерөнхийдөө Улаанбаатар хотын төвд замын хангалттай сүлжээ бий болчихсон учраас гэр хороолол руу түлхүү зам тавьж байгаа.

Хотын төвд гэвэл нэгдүгээрт, түгжрэлийг бууруулах, хоёрдугаарт, орон сууц, гэр хорооллыг локерын системд оруулах замуудыг хийхээр төсөл гаргаж буй. 

Энэ хүрээнд хашаагаа кадастраасаа хэтрүүлж барьсан, орц гарцыг хаасан, хууль зөрчсөн ААН-үүд дээр албадан буулгалт хийж байгаа юм.

Иргэдийн зүгээс, олон нийтийн сүлжээгээр ус зайлуулах шугам сүлжээ, хоолойтой холбоотой асуулт нэлээд их ирдэг.

Бид сүүлийн жилүүдэд шинээр хийж байгаа бүх авто замуудын зураг төсөлд ус зайлуулах шугамыг тусгаад шийдэж ирсэн. 

Гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн замтай хэсэг нь дугуйн замтай байхаас гадна борооны ус зайлуулах шугам сүлжээг төвийн сүлжээтэй холбоод хийж байгаа. 

-Зам тавих болон засварын ажлыг хийхдээ ус зайлуулах шугам сүлжээний тал дээр дутуу хийгдлээ гэсэн асуудал яригддаг. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?

-Ерөнхийдөө гэр хороолол руу тавьж байгаа авто замуудад тэр болгон борооны ус зайлуулах шугам байхгүй учраас авто замын гадаргуугаар дамжин борооны ус жалга суваг руу орох байдлаар хийгээд явж байгаа.

Гэтэл айл өрх, зарим нэг ААН-үүд дүрэм журмаа зөрчиж, тэнд жалга дээр шороогоо буулгаад, барилгын сууриа хийж нягтаршуулах, үйлчилгээний төвүүд барих зэрэг зөрчил гаргаж байгаагаас болоод хүндрэл үүсэж байна. 

Энэ талаар хотын даргатай хамтран бид газар дээр нь очиж ажиллаад, холбогдох байгууллагуудад албадан буулгах ажлыг зохион байгуулах үүрэг даалгаврыг өгсөн. Нийслэлийн Засаг даргын захирамж гарна.

Захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаад, албадан буулгахаас гадна үүссэн авто замын эвдрэл гэмтлийн нөхөн төлбөрийг тухайн буруутай этгээдээс гаргуулах байр суурьтай байгаа.

-Тэгвэл хотын төв ч мөн ширүүн бороо орохоор л усаар дүүрчихдэг. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Төвийн Улаанбаатар хотын орон сууцны хорооллын доторх замууд нэлээд их усаар дүүрсэн байгаа. Яалт ч үгүй 20-30, 40 жил болчихсон замууд байна.

Тэдгээр замыг төлөвлөхдөө төвийн бүсүүдээр ингэж их орон сууц, барилга баригдана гэдгийг тооцолгүй хийсэн тул энд ямар ч ус зайлуулах шугам сүлжээгүй байгаа. 

Зарим шугам сүлжээтэй нь хүчин чадал хүрэхгүй, лаг шавраар дүүрчихсэн гэх мэт хүндрэлтэй асуудлууд байгаа.

Энэ бүхнийг шийдэхэд замын сангийн хөрөнгө хаанаа ч хүрдэггүй, маш бага. Тиймээс байгаа батлагдсан хөрөнгөө эрэмбэлж, хамгийн их хөдөлгөөний эрчимтэй, хамгийн их ус тогтож байгаа газар хаана, тэндээс эхэлж ажлаа хийдэг.

Хамгийн их ус тогтож байгаа газрууддаа л бид шүүрт худгууд, хоолой нэмж, өргөтгөн барих гэх мэт төсөл арга хэмжээнүүдийг хийгээд явж байгаа.

Өмнө нь замын хураамжийн асуудлыг бид ярьж байсан. Хэрвээ хураамжуудыг нэмэгдүүлэх юм бол бид саяын ус, борооны асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.

Үүнийг мэргэжлийн байгууллагууд тооцоо судалгаагаа хийгээд гаргаад ирэхээр төсөв хөрөнгөндөө баригдаад энэ асуудлыг бид шийдэж чадахгүй байгаа үе бий.

-Хэр хэмжээний төсвөөр энэ жил зам засварын ажлууд хийгдэж байгаа вэ?

-Зам засварын ажлуудын тухайд замын сангийн хөрөнгө маш олон задаргаатай байдаг.

Автобусны буудал, рамп унах, тэмдэг тэмдэглэгээ, нөхөөс, заадсууд, гэрэл дохио арчлалтын ажлууд, шилэн кабель гэх мэт энэ олон ажлууд ингээд тал тал тийшээ хуваагдчихдаг учраас яг аль нь вэ гэдгийг би хэлээд өгч болж байна.

Ерөнхийдөө замын санг Авто замын тухай хуулиараа 35 тэрбум төгрөгөөс доош батлахыг хориглосон байдаг.

Тэгээд 35 тэрбум төгрөг байгаад байгаад сургууль орчмын аюулгүй байдал, сая ярьдаг орц гарцын асуудал, рамп унах асуудал, нөхөөс, заадас, тэмдэг тэмдэглэгээ, хайс хашлага, гэрэл дохионы арчлалтын ажлууд гэх мэтчилэн маш олон төсөл ажлууд байна.

-Энэ жил гэр хорооллын аль хэсгүүдэд зам тавьж байгаа вэ?

-Одоо жишээ нь Баянхошуунд гурван километр авто зам байна.

Иргэдээс маш их өргөдөл гомдол ирж байсан, Санзайн далайн давлагаа шиг болчихсон, бүтэц эвдрэлд орчихсон байсан замууд, Дарь Эхийн маш их эвдрэлтэй зам байна.

Дарь-Эхийн замыг бид бүтнээр нь шинэчлэхээр өнөө маргаашгүй ажил нь эхлэх гээд явж байна.

Улаанбаатар хотын зүүн, баруун бүсийн авто замын сүлжээг үргэлжлүүлж хийх авто замын мастер төлөвлөгөөтэй уялдуулсан ийм замуудаа хийх ажлууд бас төсөл арга хэмжээ явж байна.

Ерөнхийдөө улсын төсөв, нийслэлийн төсөв, замын сангийн хөрөнгө, гаднын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн төсөл арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа гээд орон нутгийн хөгжлийн сантай нийлээд таван эх үүсвэрээр нийтдээ энэ 2020 оны төсөл арга хэмжээнүүд явж байгаа.

Он дамнасан ажлууд мөн явагдаж байна.

Гацаж байгаа хүндрэлтэй асуудлууд нь бол бид нарт гэр хороололд зам тавихад газар чөлөөлөлтийн асуудал нэлээд төвөгтэй байна.

Газрын албатай хамтраад энэ газрын чөлөөлөлтийн асуудлыг бид шийдэх гээд газрын алба очдог боловч нөгөө нийслэлийн төсөв маань бага учраас газрын алба газар чөлөөлөх төсөв хөрөнгө нь бас хүрдэггүй.

Үүн дээр бас барилгын ажил саатаж байгаа тохиолдлууд бий. Зарим айл өрх зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй буучихсан.

Зөвшөөрөл байхгүй учраас албадан буулгалт хийе гэхээр төвөгтэй хүндрэлтэй асуудлууд гарч байгаа.

Төр төмөр нүүртэй гэдгийн адил хуулийн дагуу хот нийслэл дүрэм журамтай.

Дүүрэг, нийслэлээсээ ямар нэгэн зөвшөөрөл аваагүй тохиолдлууд дээр бид албадан буулгалт хийх гээд очихоор экскаваторынх нь дугуйн доор ороод хэвтчихдэг, эсвэл шанаган дээр нь очоод суучихдаг.

Иймэрхүү бүтээн байгуулалтын ажил бас хэсэг бүлэг иргэнээс болоод жаахан удаашралтай байгаа.

-Зам хаах хуваариудыг тодорхой ярих боломжтой юу?

-Ер нь бид энэ шинээр хийгдэж байгаа болон шинэчилж байгаа замуудыг аль болох хаахгүй байх арга хэмжээг авч ажиллаж байгаа.

Аль болох хөдөлгөөнийг эсрэг урсгалд нь шилжүүлэх, эсвэл засварын ажлууд хийгдэж байгаа тохиолдолд орой хөдөлгөөний эрчим байхгүй буюу иргэд амарсан үед 23:00-06:00 цаг хүртэл хийж гүйцэтгээд явж байна.

Хаах шаардлагатай замууд байвал бид мэдээллээ долоо хоногийн өмнө мэдээлээд явна.

-Саяхан Чингисийн талбайн урд талын усан оргилууртай холбоотойгоор зам дээр ус тогтлоо гэж яригдаад байсан. Энэ тал дээр та тайлбар хэлэхгүй юу?

-Тийм, усан оргилуур хот тохижилт буюу Захирагчийн ажлын албаны хариуцсан асуудал болохоор шугам сүлжээ манайд хамааралгүй.

-Зам дээр ус тогтсон асуудал нь?

-За ер нь ус тогтсон хэсгүүд зөвхөн Сүхбаатарын талбай гэлтгүй бусад зургаан дүүргийн гол болон туслах замууд дээр үүссэн, ус их хуримтлагдсан газрууд дээр бид ГУББГ-тай хамтран усыг соруулах, зайлуулах, шүүрт худгуудын лаг шавруудыг буудаж цэвэрлэх ажлыг хийгээд явж байна.

Улаанбаатар хот маань өөрөө хотгор газар байрлаж байгаа. Гэр хорооллын бүс өндөрлөг газар байдаг.

Тэгэхээр өндөрлөг газар хийж байгаа авто замуудаар дамжин үерийн жалгаар урсаж гарах ус маань дээр хэлсэнчлэн хэсэг бүлэг айл өрх, иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болоод лаг шавартай холилдон төвийн шугамуудыг бөглөж тагласан асуудлууд бас байгаа.

Өнөөдөр бороо ороод бид буудаад цэвэрлэчихсэн байлаа гэхэд маргааш нь дахиад бороо орчихно.

Би бас өмнө нь хэвлэл мэдээллээр энэ талаар ярьж байсан. Иргэд маань зарим нь ойлгохгүй байх шиг байгаа юм.

Мэргэжлийн бус хүмүүс байгаа учраас ойлгохгүй байж магадгүй.

Авто зам бол үерийн ус зайлуулах зориулалттай биш, гадаргуу дээр ирсэн борооны усыг зайлуулах шүүрт худгууд тийм үүрэгтэй. 

Гэтэл үерийн жалга сувгийг хааж бөглөсөн буруутай ААН-ээс болоод авто зам руу үерийн ус өөрөө орж ирэхээр шүүрт худгууд угаасаа хүчин чадлаа дийлэхгүй ийм асуудлууд үүсэж байгаа.

Үүнийг зөв талаас нь ойлгох хэрэгтэй. Бид шинээр зураг төсөл гаргахдаа дандаа иж бүрдлээр нь, цогцоор нь хийгээд явж байгаа.

 

Бэлтгэсэн: Х.Цэнд-Аюуш, М.Энхзаяа

Зураг