Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Доржханд: Намрын чуулганаар Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулийн төслүүдийг өргөн барьж, хэлэлцүүлнэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын гишүүн Т.Доржханд болон Хөдөлмөрийн Үндэсний Намын төлөөлөл Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн эцэслэн батлагдаж, Анхдугаар чуулган хаалтаа хийх гэж байна. 
“Зөв ХҮН электорат” эвсэл, ХҮН-ын төлөөллийн хувьд зарим шаардлагыг тавьж ажиллана. Намрын ээлжит чуулганаар нэлээд олон шинэчлэлүүдийн хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа. 

Хэдийгээр бид УИХ-д нэг хүний төлөөлөлтэй ч гэсэн бидний ард салбар бүрийн мэргэжилтнүүд байдаг. 

Бид дараах таван чиглэлээр шинэчлэл хийх хуулийн төслийг хэлэлцүүлэх хүсэлт өгсөн байгаа. 

  1. Тэтгэврийн шинэчлэлийг яаралтай эхлүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд төрөөс тэтгэврийн шинэчлэлийн бодлого баримтлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина. 
  2. Санхүүгийн зах зээлийн шинэчлэлийг эхлүүлнэ. Үүний хүрээнд Санхүүгийн салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулий төслүүдийг тус тус өргөн барина. 
  3. Боловсролын шинэчлэлийн хүрээнд Багшийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. 
  4. Улс төрийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулийг боловсруулж, чуулганаар хэлэлцүүлэх болно. 
  5. Мөн Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөөд байна. 

 

Хөдөлмөрийн Үндэсний Намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл: Гадаадад гацаад байгаа монголчуудын хувьд нөхцөл байдал маш хүнд боллоо. Сүүлийн саруудад нийтийн байраар хоноглож байгаа, орох оронгүй болсон гээд маш олон хүн байгаа. АНУ-аас ирэх нэг иргэн долоо орчим сая төгрөгийн зардал гаргах болоод байна. Тиймээс хилээ хэзээ нээх мэдээллээ ил тод болгомоор байна. Аль улсад, хэдэн иргэн, ямар нөхцөлд байгаа талаар ил тод мэдээлэх талаар цахим хуудас үүсгэх боломжтой гэдгийг нэг компани илэрхийлсэн.

Тиймээс гадаадал байгаа иргэдтэй холбоотой бүх мэдээллийг ил тол болгохыг шаардаж байна. 

Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга Б.Найдалаа: Асуудалд орсон иргэддээ тусалж дэмжих нь монгол төрийн үүрэг. Бид шинэ Засгийн газраас шийдэмгий, төлөвлөгөөтэй арга хэмжээ авах байх гэж найдаж, хүлээж байна. Хүн бол гэнэт ачдаг мал биш. Тиймээс хэзээ, хаанаас, хэдэн иргэнээ авах төлөвлөгөөг ил тод мэдээлэх хэрэгтэй байна.

Хэрэв авчирч чадахгүй бол тухайн газар нутагт нь тусламж үзүүлмээр байна. Бид ойлгож байна, дотооддоо алдах вий гэсэн айдас, тусгаарлах байр болон эмч, мэргэжилтнүүдийн хүрэлцээ гээд асуудал бий. Гэхдээ энэ бүхнийг бид тодорхой төлөвлөгөөтэй байж даван туулна. Тиймээс бид энэ тал дээр дэмжиж ажиллана.