Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Америк тивийн уугуул иргэд эрт цагт Номхон далайгаар аялдаг байсныг баталжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Европчуудыг ирэхээс өмнө Америк тивийн уугуул хүмүүс Номхон далайн зүүн хэсгийн арлуудад аялж, хүрдэг байсныг эрдэмтэд ДНХ шинжилгээгээр тогтоожээ.

Nature сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд өгүүлснээр 1200-аад оны үед буюу одоогоос 800 гаруй жилийн өмнө Америк тивийн уугуул хүмүүс анх Полинезчуудтай уулзсан байна.

Энэ хоёр угсаатны хэлхээ холбооны талаар эрдэмтдийн дунд олон арван жилийн турш маргаан үргэлжилж байв.

1947 онд Норвегийн аялагч Тор Хейердаль тэднийг хоорондоо уулзах боломжтой байсныг батлан харуулахын тулд Өмнөд Америкийн эргээс Полинезийн арлууд хүртэл сал завиар аялж байжээ.

Өнөөдрийг хүртэл хоёр угсаатны хэлэнд байдаг зарим ижил төстэй үгсээр хэлхээ холбоотой байсныг нь баталж байв. Зарим эрдэмтэд хоёр угсаатны хооронд олон мянган километр үргэлжилсэн далай оршдог тул уулзах боломжгүй гэж үздэг.

Харин энэ удаа Калифорнийн Стэнфорд их сургуулийн эрдэмтэн Александр Иоаннидис бусад олон улсын эрдэмтдийн хамт генетикийн түвшинд судалгаа хийжээ.

Тэд Өмнөд Америк тивийн эрэг орчмоор болон Францын Полинез аралд амьдардаг 800 гаруй уугуул иргэдийн генетикийн мэдээллийг нарийвчлан судалсан байна.

Ингэхэд хоёр угсаатны хүмүүс хоорондоо уулзаж, эвцэлдэж байсныг батлах баримт олджээ.

Өөрөөр хэлбэл Америк тивийн уугуул болон Полинезийн арлын уугуул иргэдийн дундаас төрсөн анхны хүүхэд 1200 оны орчим мэндэлснийг тогтоосон байна.

Тухайн үед дээрх бүс нутгуудад Европчууд хүрээгүй байсан юм.

Нарийвчилсан судалгаагаар Полинезийн арлуудад анх хүрсэн Өмнөд Америкийн уугуул иргэд нь Колумби улсын нутагт амьдардаг байсныг тогтоожээ.

Салхи болон далайн давалгааны чиглэлийг компьютер загварчлалын аргаар тооцоолоход өнөөдрийн Эквадор, Колумби улсын нутагт амьдарч байсан уугуул хүмүүс Номхон далайн Өмнөд Маркизийн арлууд, Туамотугийн бүлэг аралд хүрч чадах магадлал хамгийн өндөр гарсан байна.

Тиймээс ДНХ шинжилгээг дээрх бүс нутгийн уугуул иргэдийн дунд хийжээ. Хейердаль 1947 оны дөрөвдүгээр сарын 28-нд Перугийн Каллао боомтоос таван хүний хамт сал завиар далайд гарч, 6,900 км замыг 101 өдөрт туулаад 1947 оны наймдугаар сарын 7-нд Туамоту бүлэг арлын Рароиад хүрч байжээ.

 

Эх сурвалж: BBC