Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн тусгаарлах байрны харуулууд зочидтой бэлгийн харилцаанд орсноор тахлын хоёр дахь давалгаа эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн тархалтын эрч суларч, хэвийн амьдралд шилжиж эхлээд байсан Австрали улсад тахлын хоёр дахь давалгаа эхэлж, тус улсын хоёр дахь том хот Мельбурнд хөл хорионы дэглэм тогтоогоод байна.

Сүүлийн сар орчим хугацаанд Австралид шинээр илэрсэн халдварын тохиолдлуудын дийлэнх нь Мельбурн хот оршдог Викториа мужид бүртгэгдсэн юм.

5 сая оршин суугчтай Мельбурн хотод тогтоосон дэглэм өчигдөр эхэлсэн ба зургаан долоо хоног үргэлжлэх ажээ. Тэр дотроо тахлын голомт болоод байгаа олон давхар орон сууцны 3,000 орчим оршин суугч хоол хүнс худалдаж авах зорилгоор ч гэрээсээ гарах эрхгүй хоригдохоор болсон байна.

Энэ нь өрнөдийн орнуудаас анх удаа Хятадын Ухань маягийн хатуу хөл хориог хэрэгжүүлсэн тохиолдол болжээ.

Австралид тахлын хоёр дахь давалгаа эхлүүлсэн гол буруутан нь Викториа мужийн удирдлага болсон байна. Учир нь тус мужид гадаадаас ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлахдаа хариуцлагагүй хандсан нь халдвар шинээр тархахад нөлөөлсөн гэж дүгнэжээ.

Тухайлбал тусгаарлах байрнуудын харуул хамгаалалтыг цагдаагийн албанд биш, хувийн хамгаалалтын компанид хариуцуулсан байна.

Ингэхдээ ямар нэг тендер шалгаруулалтгүйгээр хувийн компанид хариуцуулжээ.

Тусгаарлах байруудад хамгаалах хэрэгсэл дутагдаж, төрөл саднаараа тусгаарлагдсан хүмүүс нэг нэгнийхээ өрөөнд чөлөөтэй нэвтэрч, бүр зарим харуулууд нь зочидтой бэлгийн харилцаанд орсон зэрэг зөрчлүүд илэрснийг орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Үүний улмаас харуулуудын дунд халдвар тарж, тэд цааш нь өөрийн амьдардаг орон сууцны иргэдэд тараажээ.

Даваа гарагт Нью Соут Уэльс муж Викториа мужтай залгаа хилээ хаасан нь 1919 оны Испани ханиадны тахлаас хойш анх удаа Австралийн хамгийн их хүн амтай хоёр мужийн хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаасан тохиолдол байв.

Мягмар гарагт Викториа мужид илэрсэн шинэ халдвар тээгчийн тоо 191 хүрсэн нь 24 цагийн хугацаанд хамгийн олноор бүртгэгдсэн тохиолдол байлаа.

 

Эх сурвалж: Bloomberg