Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батжав: Ажлын байр олноор бий болгох хамгийн бодитой боломж нь эдийн засгийн чөлөөт бүс байгуулах

ikon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монголын архитекторуудын эвлэлийн хүндэт ерөнхийлөгч Б.Батжавтай хотын хөгжлийн талаар ярилцлаа. Уншигчид “Metro Star” нэвтрүүлгээр нь илүү мэдэх билээ.

-Архитекторч хүний нүдээр хотын бүтээн байгуулалт, төлөвлөлт ямар байна вэ?

-Сайн, муу хоёр өнцөг байгаа. Мэргэжлийн талаас нь харвал алдаа, дутагдалтай зүйл бий. Шинэ барилга байгууламж, тохижилтын олон ажил хийгдэж байна. Хот тэлж, хөгжиж байна. Энэ бол байх ёстой жам ёсны зүйл. Улаанбаатар хотын нийт хүн амын 70 хувь нь 37 хүртэлх насныхан. Тэдэнд хотыг шинэчлэх өөрчлөх хүсэл бий. Залуу хүн сайхан орчинд амьдрахыг хүснэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, хотоо сайхан болгох хүсэл иргэдэд байгаа юм. Тэгэхээр үүнд тулгуурласан бодлого, үйл ажиллагааг явуулж чадвал амжилтад хүрэх боломж нь бий. Энэ бол өөдрөг өнцөг. 

-Нийслэлийн удирдлага аливаа бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхдээ олон нийтийн санаа бодлыг сонсдог болж байна. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг энд дурдаж болно. Сонгинохайрхан дүүргийн 100 гаруй өрх нэгдээд дахин төлөвлөлтийн ажилд хамрагдах хүсэлтээ өгснийг Нийслэлийн ИТХ-аас шийдвэр гарган, өнгөрсөн сард барилгын ажлыг эхлүүллээ. Энэ дэвшил тийм үү?

-Хотыг юмыг хөгжүүлэхэд баримталдаг тулгын гурван чулуу байдаг. Тэр нь иргэд, мэргэжлийн хүмүүс, шийдвэр гаргагчид. Хөгжлөөс үл хамаараад дэлхийн бүх улсад үүнийг баримталдаг юм. Онол мэргэжлийн, шинжлэх ухаан талаасаа ч ийм. Тэр гурван чулууны нэг нь оршин суугчдын санал хүсэлт, оролцоо. Харамсалтай нь, зарим шийдвэрүүдэд иргэдийн хүсэл сонирхлыг тусгаж байгаа байдал, хэрэгцээг нь судалж нарийвчилсан байдал, хамгийн гол нь тэднийг өөрчлөлт, шинэчлэлт, бүтээн байгуулалт оролцуулсан байдал нь хангалтгүй байгаа юм. Тэгэхээр гурван чулуу нь нэг нь байхгүй байна гэсэн үг. Тэгэхээр түүн дээр тавьсан тогоо холбирно доо.

Аливаа ажилд иргэд хүсэл, сонирхолтой байвал зөв бөгөөд хугацаа алдахгүй шийдэх боломжтой. Дээрээс нь хамгийн бага зардлаар шийдэж болдог. Энэ бүгдийг анхаарч, энэ хэлбэр рүү орох хэрэгтэй. Хотын хөгжлийн суурь зарчим энэ. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагвын дахин төлөвлөлтийн төсөлд хэрэгжүүлсэн жишээ бол үүнийг хэрэгжүүлж байгаа хэрэг. 

Харин мэргэжилтэн бидний үүрэг иргэдэд байгаа тэр асуудал, хүсэл, зорилгыг мэргэжлийн үүднээс тайлбарлаж, шийдэх арга замыг мэргэжлийн талаас тодорхойлоод шийдвэр гаргагчдад хүргэх байдаг. Бид гүүр нь байхгүй юу. Харин шийдвэр гаргагчид мэргэжлийн хүмүүсийн санал болгосон төлөвлөлт, төслийг хэрэгжүүлэгч талаас нь дэмжлэг үзүүлээд хэрэгжүүлдэг систем хамгийн үр ашигтай байдаг. Гэтэл өнөөдөр мэргэжлийн хүмүүсийн оролцоо хязгаарлагдмал байдаг. Энэ буруу. Шийдвэр гаргах түвшинд гаргасан шийдвэрийг томьёолж, хэрэгжүүлэхдээ мэргэжлийнхний оролцоог бүрэн ашиглах ёстой юм.

-Дэлхий дахин ногоон хөгжилд илүү анхаарч байна. Улаанбаатар хотын удирдлага ч ялгаагүй төлөвлөлтөө “ногооруулж” эхэлсэн. Ялангуяа, барилгын салбарт илүү хурдан нутагшиж байгаа нь анзаарагддаг. Үр өгөөжийнх нь талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Энэ бүхэн Парисын уулзалтын тунхаглалаас эхлэлтэй. Байгаль цаг уурын нөхцөл хэцүүдэх шинжтэй болчихлоо, бүгдээрээ анхаарахгүй бол асуудал хүндрэх нь ээ гэдгийг дэлхийд зарласан үйл ажиллагаа юм. Монгол Улс цөөн хүн амтай, өргөн уудам газар нутагтай, байгаль орчин нь гайгүй байгаа гэдэг хандлагаар хандаж болохгүй. Яагаад гэхээр бид нэг дэлхийтэй нэг агаартай. Тавин жилийн дотор дэлхийн дулаарлыг хязгаарлахын тулд энэ дулаарлын хэмжээг хоёр хэмээс хэтрүүлж болохгүй нь байна гэдэг шинжлэх ухааны үндэслэлтэй хүсэлт тавьсан. Тэгэхээр энэ хоёр хэмийг хадгалахын тулд бид эрчим хүчний хэрэглээг багасгаж, байгальд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулж, хүмүүсийн амьдралын хэв шинжийг өөрчлөх ёстой.

Сингапурт зочдын болон унтлагын өрөөний байх ёстой хэмийг заачихсан байдаг. Энэ улсын эрчим хүчний гол хэрэглээг сэрүүцүүлэхэд зарцуулагддаг, халуун орон учраас. Тэгэхээр бодлого төлөвлөгчид нь тухайн амьдардаг температурыг хоёр хэмээр өсгөсөн байгаа юм. Энэ өөрчлөлт хүнд нэг их мэдрэгдэхгүй ч эрчим хүчийг маш ихээр хэмнэнэ.

Хүмүүсийн хэвшсэн амьдралыг байгаль орчныхоо асуудлыг анхаарч өөрчлөх цаг болсон гэдгийн хамгийн энгийн жишээ. Тэгэхээр “ногоон” гэдэг асуудал үүний суурь нь юм. Улаанбаатар хотын удирдлага дэлхийн бүх хотуудын адилаар ногоон хөгжлийн асуудлаа баримтлах бодлого болгож авч явах ёстой. Үүнд олон асуудал бий. Төлөвлөлт, барилгажилт, цэцэрлэгжүүлэлт, тэгээд хүний амьдарч буй орон сууц ногоон байх гэдэг зарчмыг анхаарах ёстой. 

-Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концевцид энэ талаар нэлээд орсон байсан. Та танилцсан уу?

-2040 хүртэлх хөгжлийн концевцийг судлаад, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагватай ярилцлага хийсэн. Дагва даргын ярианаас би хоёр зүйлийг нэлээд сайн ойлгож авсан. Эхнийх нь, бидний ярилцаж буй ногоон концевци буюу ногоон хөгжлийн асуудал. Ногоон хөгжил гэдгийг бас тогтвортой хөгжил гэж томьёолдог. Хоёр дахь та бид хоёрын өмнө нь хөндсөн сэдэв, Улаанбаатар бол залуучуудын хот гэж. 

2040 он гэдэг төсөөлөл залуучуудын амьдрах орчны асуудал. Тийм учраас энэ бодлогын суурь нь залуучуудын хөгжилд зориулсан байх ёстой. Энэ зарчмыг концевцид суулгасан байна лээ. Энэ маш сайшаалтай. Тухайлбал, Нийслэлийн ИТХ-аас баталсан 10,000 программист бэлдэх хөтөлбөр байна. Дэлхий дахиныг хавтгай болгож буй ганц зүйл нь IT. Хүмүүсийн үйл ажиллагааг хялбарчилсан аппликейшн олон гарч байна. Яг үүнээс улбаалаад хотуудад баримталж буй шинэ төлөвлөлт нь “Ухаалаг хот”. Энэ бол тансаглал биш, эсрэгээрээ хүмүүсийн цаг хугацааг хэмнэж, үр бүтээлтэй болгож байгаа ухаалаг шийдвэр шүү дээ. Дээрээс нь одоогийн амьдралын нөхцөлийг ч тухтай болгож байгаа юм. Мөн хэрэгцээгүй хэрэглээг нь багасгана. Жишээлбэл, би өвөл оффистоо ажлаа хийж байхад миний байшин өдрийн цагаар халуун байх шаардлагагүй.

Ажлаасаа гарахаас нэг цагийн өмнө гар утаснаасаа дулаанаа нэмчихэд хангалттай. Үүнээс гадна энэ бол бизнесийн маш том боломж. Чи хаана амьдарч байгаагаас үл хамаараад гэртээ сууж байгаад компьютерийнхээ цаанаас ажлаа хийгээд цалин авах боломжтой. Тэгэхээр 10,000  программист бэлдэхийн ач тус нь энд байгаа юм. Улаанбаатар хот бол зөвхөн монголчуудад зориулсан хот биш. Энд байгаа хүмүүс дэлхийн бусад хотын иргэдийн боломжийг мөн адил хүртэх ёстой. Хот үүнийг бодлого болгож байгаа нь сайшаалтай. 

-Өнөөдрийн залуучуудын сонирхол ондоо болж байна тийм үү?

-Тэр байтугай эрдэмтдийн судалгаанаас харахад залуучуудын ажлын байр, мэргэжил, бизнес нь бидний төсөөлж байгаагаас тэс ондоо болно гэдэг дүгнэлтүүд гарч байна. Тэгэхээр өөр орчин бүрдүүлэх асуудлыг бид өнөөдрөөс бодлогодоо тусгаж, бэлдэх ёстой юм. Өнөөдөр Улаанбаатарын нийт хүн амын 70 хувь залуу байхад залуучуудын төв гэдэг газар алга. Ийм төв зайлшгүй хэрэгтэй. Одоо залуучуудын гэж байгаа ч 30, 40 дараа тэр төв нь хотын соёлын төв болох юм.

-Үүнээс гадна хэрэгцээг ухаалгаар, хялбараар шийддэг шийдэл залуучуудад хэрэгтэй байгаа санагддаг. Ухаалаг шийдэл захиргааны зардлыг ч хэмнэнэ.

-Өөртөө тохиолдсон нэг жишээ дурдъя л даа. Эзэмшил газрынхаа гэрээг сунгахаар хөөцөлдөж үзлээ. Хүндрүүлж битгий бодоорой, гэртээ нялх хүүхэд, хэвтрийн хүн асардаг, эсвэл өндөр настай хүнийг бодвол би харьцангуй цаг завтай, боломжтой хүн. Гэтэл эзэмшил газрынхаа гэрээг сунгахын тулд хоёр сар явж байна. Шинээр газар эзэмших гээгүй, гэрчилгээ сунгах л асуудал шүү дээ. Тэгээд ямар их хүнд сурталтай, хүний цагийг үрсэн бүтэцтэй юм бэ гэж бодож байгаа юм. Гэтэл үүнийг хоёр сард биш хоёр хоногт хийх боломжтой.

Хүмүүс ингэж дэмий үрдэг цаг хугацаагаа үр хүүхдээ асрах, хүмүүжүүлэхэд зарцуулах ёстой. Энэ зөвхөн захиргааны урсгал зардлыг хэмнээд зогсох биш иргэдийн цаг хугацааг хэмнэж, тэр хэрээр үр өгөөж нь нэмэгдэх юм. 

Нэг цэгийн үйлчилгээний төв гэж байгууллаа. Түүний үр дүн хаана байгаа юм. Тэр цэгийг байгуулж зардал гаргачихаад иргэд гэрчилгээ сунгуулах гэж хоёр сар хөөцөлдөх нь утгагүй. Хотын удирдлага үүн дээр л анхаарах ёстой санагддаг. Хотын үйлчилгээ иргэдийн цагийг үрэхгүйгээр маш богино хугацаанд хүрч байх ёстой юм. 

-Улаанбаатар хотын залуус ажлын байр хомс байгаад бухимдалтай явдаг. Ажлыг байрыг нэмэгдүүлэхийн тулд нийслэлийн удирдлага эдийн засгийн чөлөөт бүс байгуулах чухалчилж байна. Эдийн засгийг үр өгөөж ч ихтэй гэсэн судалгаа байсан. 

-Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөөт бүх байгуулах нь нэлээд дэмжлэг авсан төсөл. Шинэ нисэх буудал ашиглалтад орж, Буянт-Ухаа суларч байхад үүнийг хэрхэн ашиглах вэ гэдэг нь чухал асуудал. Би ажлын байрыг төр засгаас өгчихнө гэж ойлгоод байгаа. Тийм биш, төр ажлын байр бүрдүүлэх нөхцөлийг л бүрдүүлэх ёстой юм. Хотын хувьд тэр боломж нь яах аргагүй чөлөөт бүсийн концепци. Тэнд шинэ гарааны компани байгуулагдаж, бизнесээ өргөжүүлэх боломж бүрдэнэ. Энэ л ажлын байр бий болгож байгаа үндэс.

Өөрөөр хэлбэл, хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэхэд боломж нээж байгаа шийдэл. Ажлын байрыг олноор бий болгох хамгийн бодитой боломж нь эдийн засгийн чөлөөт бүс байгуулах юм. Эдийн засгийн чөлөөт бүс бол зөвхөн Улаанбаатар, Монгол Улсын зах зээл биш. Чөлөөт бүсийн цаана гуравдагч орны бодлого гээд эдийн засгийн олон үр өгөөжтэй.

-Хотын соёлыг түгээх, залуусыг соёлч байдалд уриалах, дадуулах, гарааны бизнесийг дэмжиж, шинэ санаа, боломжийг илэрхийлсэн нэвтрүүлэг бэлтгэн хүргэдгээр тань уншигчид таныг илүүтэй мэднэ. Манай залуус хэр соёлч байх юм, таны анзаарснаар?

-Хот гэдэг өөрөө олон хүн нэг дор амьдардаг орчин. Тэгэхээр амар тайван, аюулгүй байдлын үүднээс нийтээрээ дагаж мөрдөх дэг журамтай байх ёстой. Тэр дэг журмыг өөртөө хэвшүүлж чадсан зан үйлийг соёл гэдэг. Энгийнээр хэлбэл, хүн соёлтой байна гэдэг тодорхойлолт, харилцааны хамгийн энгийн зарчим нь бусдыг хүндлэх явдал юм. Соёлтой хүн бусдыг дандаа хүндэтгэж, харилцааны хамгийн зөв хэлбэрийг сонгож байдаг. Тиймээс их хотын иргэдийн зайлшгүй хэвшүүлэх зүйл нь соёл. Энэ хотод амьдарч байгаа, түр суурьшиж байгаа гээд бүх хүн уг соёлыг хэвшүүлэх ёстой. Их энгийн зарчим байгаа биз. Манайхан соёлыг хэвшүүлсэн байдал маруухан л байна.

Хэрэв үүнийг хэвшүүлж чадахгүй бол захиргаадалт болно. Аливаа зүйлийг хэвшүүлэхэд тодорхой цаг хугацаа хэрэгтэй л дээ. Гэхдээ иргэд соёлыг өөрсдөдөө хэвшүүлтэл хүлээнэ гэсэн ойлголт биш. Гаднынхан нэгнийхээ биед хүрдэггүй. Гэтэл манайхан тоодоггүй. Тиймээс харилцааны гол хэлбэр юу юм бэ гэдгээ л ойлгох хэрэгтэй. Хүнийг хүндэлнэ гэдэг бусад саад, түвэг учруулахгүй байх л зарчим. Үүнээс гадна хот хүмүүсийн мөрдөх хэм хэмжээг зааж өгсөн стандарттай байх ёстой. Дүрэм байгаа бол хяналт нь байж таарна.

 

Г.Булган