Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Онцгой байдлын байгууллага 3 үгт хаягийн системийг нэвтрүүлж аюул, ослын голомтын байршлыг төвөггүй олдог боллоо

ikon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шинэ санаа, бүтээл, дэвшилтэд технологи, инновацыг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Их Британи улсад амжилттай нэвтрүүлээд байгаа хаяг байршлыг нарийвчлалтай, шуурхай тогтоох what3words буюу 3 үгт хаягжилтын системийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Тус санамж бичгийн хүрээнд төв , орон нутгийн онцгой байдлын байгууллагын холбогдох 600 гаруй мэргэжилтнүүдэд цахим сургалтыг хэсэгчлэн зохион байгууллаа.

Монгол Улсын өргөн уудам нутаг дэвсгэрт тохиолдсон аюул, ослыг цаг алдалгүй тогтоох нь чухал бөгөөд тодорхой хаяггүйгээр олох нь тийм ч хялбар байдаггүй. Байгаль, цаг агаарын дулаарлаас шалтгаалаад гамшиг аюулт үзэгдэл, ослын тоо төдийлөн буурахгүй байгаа нь жил бүрийн гамшгийн статистик тоон үзүүлэлтээс харагдаж байна.

Жилд 4,000-аас 5,000 гаруй аюулт үзэгдэл ослын дуудлага ирдгээс 40 хувь нь хаяг байршил нь тодорхойгүй байдаг. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд 3 үгт хаягийн системийг нэвтрүүлснээр аюул, ослын голомтын байршлыг төвөггүй олох боломж бүрдлээ.

what3words компанийн 3 үгт хаягжилтын систем нь дэлхийн газрын гадаргууд 3х3м-ийн хэмжээтэй торлол үүсгэн дөрвөлжин тус бүрийг дахин давтагдашгүй 3 үгээр хаягжуулсан байдаг. Жишээлбэл ///наадамч.номын.азтаны гэх мэт. Тус системд 3 үгт хаягийг 45 орны хэлээр ашигладаг тул Монгол Улсад зорчиж яваа гадаадын жуулчид ч хаяг байршлаа төвөггүй илэрхийлэх боломжтой юм.

what3words-н үнэ төлбөргүй апп-г татсан байхыг зөвлөж байна

 

Мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн хаяг байршил тодорхойгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд ухаалаг гар утсандаа суулгасан “what3words” апп-г ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр байршлаа зөв өгөх боломжтой юм. Энэхүү апп-г гар утасны төрлөөс хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган ашиглаарай гэж Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.

“what3words-г Онцгой Байдлын Ерөнхий Газрын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр  Монгол Улс Азидаа what3words-г яаралтай тусламжийн дуудлагад хүлээн авч буй анхны орон болж байна. Бид хэзээ эсвэл хаана яаралтай тусламж хэрэг болохийг хэлж мэдэхгүй. Аюул осол тохиолдоход яг хаана байгаагаа илэрхийлж чадахгүй байх нь ихээхэн хүнд байдалд оруулдаг. Тийм учраас бид иргэдийг гэнэтийн шаарлагатай нөхцөлд тодорхой хаягаа хуваалцахад бэлэн байлгах үүднээс what3words-н үнэ төлбөргүй апп-г татсан байхыг зөвлөж байна.

Ашиглахад маш хялбар бөгөөд мессеж байдлаар ч 3 үгт хаягаа хуваалцах боломжтой учраас сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд технологиор дамжуулан  төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж харж байна” хэмээн what3words компанийн Монгол Улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Золбоо мэдээллээ.

 

Эх сурвалж: ОБЕГ