Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Вьетнамын хамгийн их хүндэрсэн Covid-19 өвчтөн болох Британийн иргэн эдгэрч, гэртээ харихаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Вьетнам улс коронавирусийн цар тахалд ганц ч хүний амь гарздаагүй гэсэн алдрыг эзэмшиж байгаа. Тиймээс тус улсын хамгийн хүнд өвчтөнд тооцогдож байсан Британийн иргэн, Vietnam Airlines компанийн нисгэгчийн амийг аврахын тулд засгийн газар, ард иргэд нь ихээхэн зүтгэл гаргасан юм.

Тэгвэл 42 настай шотланд нисгэгчийн биеийн байдал сайжирч, алсын нислэгээр зорчих боломжтой болсныг Вьетнамын эмч нарын баг өчигдөр мэдээлжээ.

Тэрбээр ирэх Ням гарагт гэртээ харихаар Лондон хүртэл 12 цаг нисэхээр бэлдэж байгаа гэнэ. Гуравдугаар сард халдвар авсан өвчтөн 65 хоног эрчимт эмчилгээний тасагт ухаангүй хэвтжээ. Уушгиных нь 90 хувь ажиллагаагүй болсон тул шилжүүлэн суулгах хагалгаа хийхээр төлөвлөж байв.

Харин өнгөрсөн сараас эхлэн бие нь мэдэгдэхүйц сайжирч, хагалгаа хийх шаардлагагүй болжээ. Ням гарагт Лондон руу нисэхэд нь Вьетнамын эмч нар дагалдаж явахаар болсон байна.

Жинхэнэ нэрийг нь нууцалж байгаа Британи нисгэгч Вьетнам улсын 91 дэх халдварын тохиолдол тул “Өвчтөн 91” гэсэн нэрээр алдаршсан юм. 

Тэр бас эрчимт эмчилгээний тасгаас гарсан Вьетнамын сүүлчийн Covid-19 өвчтөн болжээ.

Вьетнам улс өнгөрсөн хугацаанд коронавирусийн 369 тохиолдол бүртгэснээс ганц ч хүн нас бараагүй байна.

Сүүлийн үед илэрсэн бүх тохиолдол нь гадаад орнуудаас ирсэн иргэдээс илэрсэн бөгөөд тэднийг тусгаарлан эмчилж байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press