Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өлсгөлөнд нэрвэгдсэн Зимбабве улсын эрх баригчид тансаг автомашин худалдаж авахад олон саяыг зарцуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Эдийн засаг нь сөхөрч, иргэд нь өлсгөлөнд нэрвэгдсэн Зимбабве улсын засгийн газар төрийн өндөр албан тушаалтнуудын автомашиныг шинэчлэхэд олон сая ам.доллар зарцуулжээ.

Range Rover-оос эхлээд Тoyota pick-up хүртэл загварын нэг бүр нь хамгийн багадаа $40,000 хүрэх үнэтэй автомашинуудыг гадаадад суугаа элчин сайдууд болон төрийн өндөр албан тушаалтнуудад хуваарилсан байна.

2017 онд дарангуйлагч Роберт Мугабег цэргийн эргэлтээр зайлуулсан ерөнхийлөгч Эммерсон Мнангагва ийм замаар өөрийн дэмжигчдийн хүрээг тэлэх арга хэмжээ авч байна гэж ажиглагчид дүгнэжээ.

Үүнийг батлах нэг баримт нь Зимбабвегийн армийн дээд тушаалын офицеруудад цолноос нь хамааран янз бүрийн загварын тансаг автомашинуудыг хуваарилсан байна.

Нийтдээ хэр их мөнгө зарцуулсныг эрх баригчид нууцалж байгаа гэнэ. 

Зөвхөн гадаад хэргийн сайд нь саяхан парламентад үг хэлэхдээ Зимбабве улсыг гадаад орнуудад төлөөлдөг 50 элчин сайд болон зарим ажилтнууд шинэ автомашин хүлээж авсныг баталжээ.

Мөн тус улсын эрүүл мэндийн яамны удирдлагууд тус бүр $50,000-ын үнэтэй Range Rover Discovery автомашинуудтай болсон байна.

Гэтэл өнөөдөр тус улсын эмч, сувилагч нар ажиллах нөхцлөө сайжруулахыг шаардан жагсаж байгаа юм.

Жилийн 785 хувийн инфляцтай байгаа тус улсын эрүүлийг хамгаалахын мэргэжилтнүүд цалингаараа амьдрах аргагүй болсныг үйлдвэрчний эвлэл нь мэдэгджээ.

Зимбабве улсад коронавирусийн халдварын 574 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас барсан гэх албан ёсны тоо байгаа ч оношилгоо маш бага хийгдэж байгаа тул бодит тоо хавьгүй өндөр гэж эмч нар үзэж байна.

Автобусны тасалбар авч дийлэхгүй болсон сувилагч нар ажилдаа явахдаа алхдаг болжээ. Ерөнхийлөгч Мнангагва улс орныхоо эдийн засгийн хямралыг ямар нэг “улс төрийн дайснуудын явуулга” гэж тайлбарладаг. Бас олон улсын байгууллагууд хориг тавьсан нь гол нөлөө үзүүлж байна гэж ярьдаг юм. Тус улсад авлига өндөр байгаагаас олон улсын банк, санхүүгийн байгууллагууд зарим хатуу шаардлага тавих болсон.

Зимбабве улс арван жилийн өмнө инфляцид идэгдсэн үндэсний валютаа хэрэглэхээ больж, америк доллар ашиглах болжээ.

НҮБ-ын тооцоолсноор Зимбабвегийн 4.3 сая хүнд хүнсний яаралтай тусламж хэрэгтэй байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian