Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын сэтгүүлч төрийн нууцыг өрнөдийнхөнд дамжуулсан хэргээр баривчлагджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын сансар судлалын байгууллага Роскосмосын зөвлөх, сэтгүүлч асан Иван Сафроновыг эх орноосоо урвасан хэргээр өчигдөр өглөө баривчилжээ.

Хэрвээ шүүх түүнийг буруутай гэж үзвэл 20 хүртэл жил шоронд хоригдох юм. Холбооны Аюулаас Хамгаалах Товчооны мэдэгдэлд “Сафронов нь ОХУ-ын батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын төрийн нууцад хамаарах мэдээллийг NATO-гийн гишүүн орны захиалгаар цуглуулж, дамжуулж байсныг тогтоосон” гэж тайлбарлажээ.

Сафронов энэ оны тавдугаар сараас Роскосмос байгууллагын тэргүүн Дмитрий Рогозины зөвлөхөөр ажиллаж эхэлсэн юм.

Өмнө нь тэр Коммерсант сонинд арав орчим жил сэтгүүлчээр ажиллаад Оросын парламентын дээд танхимын спикер Валентина Матвиенкогийн талаар нийтлэл бичсэний улмаас 2019 оны тавдугаар сард халагдаж байжээ.

Тухайн үед Коммерсант сонины улс төрийн мэдээний албаныхан Сафроновыг халсныг эсэргүүцэж, бүгдээрээ ажлаасаа гарч байв.

Дараа нь тэр Ведомости сонинд ажиллаж эхэлсэн ч дөрөвдүгээр сард шинэ ерөнхий редактор тус сонинд томилогдсоны дараа ажлаасаа гарсан байна. Шинэ удирдлагын бодлогыг эсэргүүцсэн олон сэтгүүлч тухайн үед Ведомости сониноос гарсан юм.

Сафронов яг ямар мэдээлэл гадныханд дамжуулсан нь тодорхойгүй байна. Хамгийн сүүлд өнгөрсөн оны гуравдугаар сард тэр ОХУ Су-35 загварын нисэх онгоцнуудыг Египет улсад зарсан тухай нийтлэлийг бичихэд оролцож байжээ.

Уг нийтлэл Коммерсант сонинд нийтлэгдээд удалгүй вэбсайтаас нь устгагдаж байв.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков түүний хэргийг сэтгүүлчийн ажил мэргэжилтэй нь холбоогүй гэж мэдэгджээ. Харин Роскосмос байгууллага Сафроновыг төрийн нууц мэдээлэлд хандах эрхгүй байсан тул одоо эрхэлж буй ажилтай нь холбоогүй гэж мэдэгдсэн байна.

Сафроновын аав мөн Коммерсант сонинд сэтгүүлчээр ажиллаж байгаад 2007 онд гэрийнхээ цонхоор унаж нас барсан юм. Түүнийг нас барахаасаа өмнө Иран, Сири улсуудтай ОХУ-ын байгуулсан батлан хамгаалах салбарын гэрээний талаар нийтлэл бичиж байсан гэж ойрын хүмүүс нь мэдээлж байв. Түүний бичсэн материал ямар ч хэвлэлд нийтлэгдээгүй юм.

 

Эх сурвалж: The Guardian