Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

4K болон 8K чанартай дүрсний дата хэмжээг хоёр дахин бууруулах технологи бий болжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өндөр чанартай видео дүрс дамжуулалтын дата хэрэглээг хамгийн багадаа хоёр дахин бууруулах шинэ технологи бэлэн болжээ.

Видеог кодлох энэ технологийг өнгөрсөн гурван жилийн турш хэлэлцэж, технологийн салбарын томоохон компаниуд бүтээхэд нь оролцсон юм.

Ингэснээр бага хурдаар интернэтэд холбогддог хүмүүс өндөр чанартай видео дүрс үзэх боломж нээгдэж байна.

Тодруулбал IPTV зэрэг VoD (Video on Demand) үйлчилгээ үзүүлэгчид 8K чанартай видео контентыг зах зээлд гаргах боломж ойртжээ.

H.266 (VVC-Versatile Video Coding) нэртэй уг кодекыг Германы Фраухофер Хайнрих Херц хүрээлэнгээс гаргаж байна.

Хөгжүүлэлтэд нь Apple, Microsoft, Qualcomm, Ericsson, Intel, Huawei зэрэг томоохон компаниуд оролцжээ.

Гэхдээ шинэ технологийг нэвтрүүлэхийн тулд гар утас, телевизийн хүлээн авагч бокс зэрэг төхөөрөмжүүдэд зориулагдсан шинэ чип үйлдвэрлэгдэх ёстой юм. Тиймээс зах зээлд шууд хэрэглэгдэж эхлэхэд бэлэн биш, хугацаа шаардагдах гэнэ.

“Одоо хэрэглэгдэж байгаа H.265 стандарт нь 90 минутийн урттай 4K видеог дамжуулахдаа 10GB дата шаарддаг. Шинэ технологийн тусламжтай энэ хэмжээ 5GB болж буурах юм” гэж бүтээгчид нь тайлбарлажээ.

8K чанартай дүрсийг өнөөдөр гэртээ 85Mbps хурдтай интернэт холболт бүхий хэрэглэгчид үзэх боломжтой байдаг. Энэ нь өнөөдрийн нөхцөлд бараг боломжгүй шаардлага юм.

Тэгвэл H.266 стандартыг ашигласнаар 40-50 Mbps хурдтай холболт байхад хангалттай болж байна.

Өөр нэг давуу тал нь хэрэглэгч өнөөдрийнхөөс хоёр дахин их видео дүрсийг төхөөрөмжийнхөө санах байгууламж дээр хадгалах боломжтой болно.

Мөн виртуал реалити (VR), 360 хэмийн видео дүрс бүхий хэрэглээнүүдийг ашиглах боломж нээгдэх юм.

Гэхдээ шинэ стандартыг хэр олон үйлдвэрлэгч төхөөрөмждөө нэвтрүүлэхээс бүх зүйл шалтгаална гэдгийг зарим мэргэжилтнүүд сануулж байна.

 

Эх сурвалж: BBC