Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп их сургуулийн элсэлтийн шалгалтад өмнөөсөө хүн оруулж байжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн төрсөн ахын охин Мэри Трампын бичсэн “Too Much and Never Enough: How My Family Created the World’s Most Dangerous Man” нэртэй ном ирэх долоо хоногт худалдаанд гарах гэж байна. Номны нэр нь “Дэлхийн хамгийн аюултай хүнийг манай гэр бүл хэрхэн бий болгосон тухай” гэсэн утгатай.

Тэрбээр энэ номондоо Трампын удмынхны бараан дурсамжууд, түүн дотроо ерөнхийлөгч Дональд Трампын амьдралтай холбоотой таагүй баримтуудыг дэлгэжээ.

Нью Йорк Таймс сонин шинэ номонд хэвлэгдэх зарим баримтуудыг гар бичмэлээс нь өчигдөр задруулсан байна.

Тухайлбал АНУ-ын ерөнхийлөгч их сургуулийн элсэлтийн шалгалтад өөрөө оролгүй, мөнгө төлж, өмнөөсөө хүн оруулан тэнцэж байсныг дэлгэжээ. 

Дональд Трамп ийм замаар Пеннсилваний их сургуулийн нэр хүндтэй Уартон бизнесийн сургуульд элссэн тухай Мэри Трамп бичсэн байна.

Уг мэдээг гарсны дараа Цагаан ордны ахлах зөвлөх Кэллайн Конвэй сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Ерөнхийлөгч түүний өвчтөн биш, түүний авга ах. Энэ бол тэдний гэр бүлийн дотоод асуудал” гэж хэлжээ.

Мэри Трамп нь сэтгэл судлалын доктор хүн юм.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэйли Макэнани “Энэ бол худал хуурмагаар дүүрэн ном” гэж сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.

Мэри Трампын номыг хэвлүүлэхгүйн тулд Дональд Трампын төрсөн дүү Роберт Трамп шүүхэд хандсан нь үр дүнд хүрээгүй юм. Өнгөрсөн сард үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоны ном хэвлэгдэн гарсан нь мөн АНУ-ын ерөнхийлөгчийн Цагаан ордон дахь ажил амьдралын талаар таагүй баримтуудыг дэлгэж байв.

 

Эх сурвалж: Reuters