Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрэгэ киоск зарим газар ажиллахгүй, иргэдийг бухимдуулж буйн шалтгаан юу вэ?

Г.Номин, iKon.mn
2020 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авто тээврийн үндэсний төв(АТҮТ)-ийн салбаруудад үйл ажиллагаа явуулдаг Гэрэгэ киоскуудын зарим нь унтраалттай, ажиллахгүй байгаа талаар мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байгаа. Тус киоскоор дамжуулан иргэд хоёр жилийн өмнөөс тээврийн хэрэгслийн бүртгэл, автомашины улсын дугаар сонгох, орон нутгийн автобусны билет бичих, тэмдэгтийн хураамж, татвар торгууль төлөх гэх мэт үйлчилгээг авах болсон билээ. 

Тиймээс АТҮТ-ийн Технологийн хэлтсийн дарга И.Нэргүйтэй холбогдож, дараах тодруулгыг авлаа. 

- Танай зарим салбарт байршдаг Гэрэгэ киоск ажиллахгүй байгаа талаарх гомдол иргэдийн дунд байна. Ямар учраас ажиллахгүй байгаа вэ?

- Авто вокзалууд дээр байршиж, орон нутгийн автобусны билет бичдэг киоскууд хэвийн ажиллаж байгаа.

Харин АТҮТ-ийн зарим салбар дээрх Гэрэгэ киоскуудыг унтраасан байгаа. 2020 оны эхэн үеэс тус киоскоор дамжуулан даатгалын үйлчилгээ хийгдэх болсон. Энэ үеэс маргаантай асуудлууд үүсэж эхэлсэн гэж хэлж болно.

АТҮТ-ийн салбарууд "Хөсөг трейд", "Уран ган", "Да Хүрээ" гэх мэт компаниудын талбайг түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд манай түрээсэлж буй талбайд Гэрэгэ киоскууд байршдаг. Манай байгууллагын зүгээс "Гэрэгэ системс" компанитай байгуулсан гэрээний хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлаа амжилттай зохион байгуулж байгаа гэж үзэж байгаа. АТҮТ-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж байгаа бөгөөд "Гэрэгэ системс" компаниас төлбөр, түрээс шаардсан зүйл байхгүй.

- "Гэрэгэ системс" компани болон талбай түрээслүүлэгч компани хоорондын маргаантай асуудлаас үүдсэн гэж хэлж болох нь ээ?

- Тийм. Түрээслүүлэгч байгууллагуудын зүгээс киоскоор албан журмын даатгал хийж байгаа нь тухайн обьектод талбай түрээслэн даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг бусад түрээслэгчдийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзээд "Гэрэгэ системс" компанийг төлбөр төл гэсэн юм билээ. Харин "Гэрэгэ системс" компанийн хувьд түрээс төлөх боломжгүй хэмээн маргаснаас хэд хэдэн киоскоо унтраагаад байна.

- Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа гэж та хэллээ. Өнгөрсөн хугацаанд гарсан үр дүнгээс дурдахгүй юу? 

- Өнгөрсөн хугацаанд киоскоор үйлчлүүлэгчдийн тоо тогтмол өсөж ирсэн. Тодруулбал, 2019 оны I улиралд-34, II улиралд 200, III улиралд 2,800, IV улиралд 3,900 иргэн, 2020 оны I улиралд 3,700, II улиралд 14,000 иргэн Гэрэгэ киоскоос үйлчилгээ авсан.

Маргаантай талуудын байр суурийг хүргэж байна.


"Бид төрийн хувьд хэрэгтэй зүйлийг нь хийгээд өгдөг ч үл хайхрах хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд шиг л байна"

"Гэрэгэ системс" компанийн ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргал "Авто машин худалдан авах, нэр шилжүүлэх, машинаа барьцаалж зээл авах гэх мэт тохиолдлуудад иргэд маань АТҮТ-өөр үйлчлүүлдэг. Энэ хүрээнд бүртгэл хийлгэх, торгууль, татвараа төлөх, тэмдэгтийн хураамж төлөх цаашлаад маягт бөглөх үйлчилгээг хүртэл цахимжуулах гээд ажиллаж байна. Бидэнд АТҮТ-тэй зөрчилдсөн зүйл байхгүй.

АТҮТ-ийн үйлчилгээнүүдийг цахимжуулах ажил дээрээ нэмээд албан журмын даатгалын үйлчилгээг киоск дээрээ цахимжуулж чадах уу гэдэг саналыг ЗТХЯ-наас бидэнд тавьсан. Тэр үед төслийн хэмжээнд явж байсан учраас боломжтой гээд жил гаруйн хугацаанд 40, 50 хүнтэй баг ажиллаад 480 сая төгрөг зарцуулаад 2020 оны нэгдүгээр сараас даатгалын үйлчилгээг нээсэн. Ингээд цаг хугацаа, хөрөнгө оруулалтаа оруулаад гаргаад ирсэн үйлчилгээгээ үзүүлэх гэхээр киоск тус бүрдээ дунджаар 7.5-10 сая төгрөгийн түрээс төлөхийг шаардаж байна. Тиймээс Баянгол дүүргийн "Хөсөг Трейд" компани, Сонгинохайрхан дүүргийн авто оношилгооны төв буюу "Синчи ойл" компанийн байр/Эвийн Хүлэг компани/, "Уран Ган" компани, Баянзүрх дүүргийн "Таван Ган" компанийн байран дахь киоскуудыг унтраагаад байгаа.

Уг нь бол АТҮТ-тэй байгуулсан гэрээний хүрээнд бид технологио хөгжүүлээд, АТҮТ тог цахилгаан, сүлжээгээр нь хангах ёстой. Төрийн үйлчилгээг иргэдэд хялбараар хүргэхээр ажиллаж байгаагийнхаа төлөө төрөөс нэг төгрөг ч авдаггүй, иргэдээс 500 төгрөгийн төлбөр аваад үйлчилгээ үзүүлж байгаа технологийн компаниуд ер нь яаж амь зуух вэ? Төрийн байгууллагатай гэрээтэй хэдий ч АТҮТ авто худалдааны төвүүдийн талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг учраас түрээс төлье гэхээр хаа ч байхгүй өндөр түрээс нэхэж байна. Монголын хамгийн өндөр түрээстэй объектод АТМ байршуулахад сарын 300 мянган төгрөг байдаг гээд бодоод үзэхээр 7.5-10 саяын түрээс бол байж боломгүй өндөр байгаа юм. Тэгэхээр нь даатгалаа зогсоогоод төрийн үйлчилгээгээ үзүүлээд явъя гэсэн боловч "Хөсөг трейд" дээрх манай киоскыг түлхэж унагаагаад эвдэлсэн. Тус компанийн объектод өөрийнх нь эзэмшлийн ганцхан брокерын компани үйл ажиллагаа явуулдаг. Тэр брокерынхоо эрх ашгийн төлөө иргэдийн төрийн үйлчилгээг хялбар, шуурхай авах боломжийг хязгаарлаж байна.

Энэ түрээсийг төлж чадахгүй гээд киоскуудаа АТҮТ-ийн салбарууд дээрээс татлаа гэхэд АТҮТ, авто худалдаа эрхлэгчид биш иргэд л хохирно. Цагаа үрээд цонхоор үйлчилгээгээ авна, тэмдэгтийн хураамж 500 төгрөг төлөх гэж банканд дугаарлах учраас бид яаран киоскуудаа татаж чадахгүй байна. Энэ нөхцөлд төрөөс "үйлчилгээгээ цахимжуулна гэсэн бодлогоо хөрсөн дээр буулгаач ээ" гэсэн ганц л зүйл хүсэж байгаа юм. Өөрсдөө санал тавиад түүнд нь хөрөнгөө зарцуулаад ажил болгоод, 30-хан секундэд албан журмын даатгалд даатгуулах боломж бүрдүүлж байхад өөр нэг хувийн хэвшил нь өндөр түрээсээр дарамталж байна.

"Цахим Монгол" хөтөлбөрт тусгагдсан ямар заалт яаж хөрсөн дээр бууж байгаа юм бэ. "Цахим" гэдэг моодны сэдвээр зүгээр шоудах биш иргэнд амар, хялбар, шуурхай үйлчилгээ үзүүлж, жилдээ 10 тэрбум төгрөгийг төрийн санд төвлөрүүлж өгч байгаагийн төлөө биднийг бодит үйлдлээрээ дэмжиж, хамгаалж болдоггүй юм болов уу гэсэн сэтгэгдэл төрж байна. 

Өнөөдөр бид төрийн хувьд хэрэгтэй зүйлийг нь хийгээд өгдөг ч үл хайхрах хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд шиг л байна" хэмээн ярилаа.

""Гэрэгэ системс"-д даатгалын киоскоо төрийн үйлчилгээнээс тусад нь байршуулаад түрээсээ тохиролцох санал тавьсан"

Түрээслүүлэгч компаниудын төлөөлөл "Хөсөг трейд" компанийн гүйцэтгэх захирал Д.Нямбаяр "Манай компанийн зүгээс 2018 оноос хойш Авто тээврийн үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлж, "Гэрэгэ системс" компанийн киоскуудыг ямар ч төлбөргүй байршуулж, дэмжин ажилласаар ирсэн. Төрийн үйлчилгээг үзүүлж байгаа гэдэг утгаар нь дэмжиж ирсэн гэж хэлж болно.

Ер нь бол Гэрэгэ киоск төрийн үйлчилгээ үзүүлэхдээ ч пос-ын төлбөрөө авч байгаа гэдгийг хэлмээр байна.

2019 оны арваннэгдүгээр сараас "Гэрэгэ системс" компани киоскуудаараа даатгалын үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Энэ нь төрийн үйлчилгээ биш бөгөөд албан журмын даатгал хийж, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа юм. Гэтэл манайд талбай түрээслэн үйл ажиллагаа явуулдаг  брокер сард 8.8 сая төгрөгийн түрээс төлдөг бөгөөд 12-13 даатгалын компанийн үйлчилгээг үзүүлдэг. Тус брокертой байгуулсан гэрээний хүрээнд бидэнд бас хүлээсэн үүрэг гэж бий.

Тиймээс 2020 оны дөрөвдүгээр сарын 27-нд АТҮТ, "Гэрэгэ системс" болон талбай түрээслүүлэгч компаниудын оролцсон гурван талт уулзалт дээр энэ асуудлыг тавьсан юм. Энэ хурлын үеэр компаниуд өөр өөрийн саналаа илэрхийлсэн.

Гэрэгэ киоск-д байршиж байгаа албан журмын даатгал "Гэрэгэ системс" компанийн эзэмшлийн брокероор хийгдэж байгаа учраас манай компанийн хувьд "Гэрэгэ системс"-д үйл ажиллагаагаа өргөжүүлэхгүйгээр буюу төрийн үйлчилгээгээ үзүүлээд хэвийн үргэлжлүүлж болно. Харин даатгалын үйлчилгээ үзүүлэх бол тухайн киоскоо төрийн үйлчилгээ үзүүлдэг киоскоосоо тусад нь байлгаж, дангаар нь даатгалаа хийгээд түрээсийн төлбөрөө тохиролцох санал тавьсан.

Гэтэл АТҮТ-ийн үйлчилгээний танхимд киоск нэмж байршуулаад даатгалын үйлчилгээгээ давхар явуулаад эхэлсэн. Тэглээ гээд бидний зүгээс киоскоо унтраа гэж дарамтлаагүй, асуудал яриа хэлцлийн шатанд явж байна гэж ойлгосон. Ингээд "Гэрэгэ системс" компани киоскоо унтрааж, олон нийтийн сүлжээгээр мэдээлэл цацаад эхэллээ.

Мөн манай эзэмшлийн талбайд байсан нэг киоскынх нь гадна талын будаг халцарсан байсныг биднийг эвдлээ хэмээн цагдаад гомдол гаргаад өгчихсөн. Ингээд хариуцагчаар татагдчихсан байгаа учраас хэрэг шалгагдаж дуустал "Гэрэгэ системс" компанитай дахин холбогдох боломжгүй байгаа" хэмээв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Энэ маргаантай байдлыг шийдвэрлэх талаар АТҮТ-өөс ямар арга хэмжээ авч байгааг эргэн тодруулахад, "Гэрэгэ системс" компани болон авто худалдааны төвүүдийг байлцуулан уулзалт зохион байгуулсан хэдий ч талууд ойлголцож чадаагүй. Цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар гэрээний мэргэжилтэн ажиллаж байгаа гэх тайлбарыг өгсөн юм.