Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Борооны улмаас авто болон явган хүний замд нийт 4.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн ус зайлуулах байгууламж, сүүлийн өдрүүдэд орсон усархаг борооны улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийслэлийн Онцгой комисс хуралдаж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/638496933682996/

Усархаг борооны улмаас авто замд үүссэн эвдрэлийн хэмжилт, судалгааг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хийснээ танилцуулав. 

НАЗМХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра "Авто замд үүссэн эвдрэлийг дүүрэг бүрээр нь танилцуулбал, 

  • Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 18, 19 дүгээр хороонд явган хүний 1,800 м.кв зам, 2,500 метр үргэлжлэх авто замын хашлага эвдэрсэн. 
  • Баянгол дүүрэгт нийт 800 м.кв зам эвдэрч, 2,800 метр авто замын хашлага эвдэрсэн. 
  • Сонгинохайрхан дүүрэгт явган хүний 1,000 м.кв зам, авто замын 2,000 метр урт хашлага эвдэрсэн. 
  • Сүхбаатар дүүрэгт 2,600 м.кв нүхэн эвдрэл үүсэж, 1,500 урт метр хашлага эвдэрсэн.
  • Баянзүрх дүүрэгт 1,200 м.кв эвдрэл үүсэж, 1,800 метр урт хашлага эвдэрсэн.
  • Хан-Уул дүүрэгт 1,000 м.кв явган хүний зам, 2,500 метр урт хашлага эвдэрсэн. 

Зургаан дүүрэгт 14,600 м.кв авто зам, явган хүний зам 7,300 м.кв, авто замын 13,100 метр урт хашлага эвдрээд байна. Нийтдээ 4 тэрбум 762.5 сая төгрөгийн хохирол учирсан.

Үүнээс замын сангийн хөрөнгөөс 150 сая төгрөгийн засвар үйлчилгээг хийж байна. Үүссэн нөхцөл байдлыг арилгахын тулд 23:00-06:00 цагт ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд өдрийн цагаар ажиллаж байгаа. 

Одоогоор 1,340 м.кв-д нүхэн эвдрэлийн засварыг хийж, 20,000 м.кв-д шороо хусаж тэгшилсэн. 240 м.кв шороо түрэлт, 26 м.кв асфалт бетонон хог зайлуулж, 2,300 тонн борооны усыг соруулж, цэвэрлэгээ хийгдсэн" гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан "Авто замын газар эвдэрсэн замуудыг нэгбүрчлэн гаргаж, шалтгаан нөхцөлийг тодорхойлон хуулийн хэлтэст өгөх ёстой. Хуулийн хэлтсээс хаана, ямар хууль зөрчигдөж, далан суваг бөглөсөн байгааг ол. Хууль зөрчиж, далан суваг бөглөсөн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооц. Улаанбаатар хотын нэг иргэн, нэг аж ахуйн нэгжээс болж нийтээрээ усанд автаж болохгүй. Зөвхөн авто зам дээр л гэхэд 3.9 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. 

Борооноос үүдэлтэй эвдрэлийг хатмагц нь Авто замын газар засвараа эхлүүл. Усны барилга байгууламжийн газар ус зайлуулах сувгуудыг бүгдийг нь цэвэрлэ. 
Ойрын долоо хоногт бороотой байхыг цаг уур байгууллагаас өнөөдөр ирүүлсэн. Нэлээд усархаг, үргэлжилсэн бороо орох магадлалтай" гэв.

Мөн тэрбээр 1970-1980 оны үед хийгдсэн инженерийн сувагчлалаа дараагийн шатанд авчрах хэрэгтэй байгааг онцоллоо.