Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Салхинаас өөр чимээгүй газар амраад, аравдугаар сард эргэж цуглая

Г.Номин, iKon.mn
2020 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, мэдээлэл танилцуулсан ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү иргэдэд дархлаагаа дэмжих зөвлөгөө өглөө.

Тэрбээр "Та бүхэн мэдэж байгаа, олон оронд хөл хориогоо огцом сулруулснаас үүдэн халдварын тохиолдол эргэж нэмэгдсэн.

Казахстан улсад 48 мянга гаруй хүн өвчилж 264 хүн нас баржээ. Үүн дээр анхаарах ёстой зүйл нь Казахстан бол нүүдэлчин улс. Бидэнтэй адилхан хэв маягаар амьдардаг. Манайтай хил залгаж байгаа хөрш оронд нөхцөл байдал ийм байна. Мөн Тува, Буриад, Читад тохиолдлууд бүртгэгдэж байгаа нь бидэнд сануулга өгч байгаа юм.

Нарлаг Монгол оронд зуны дэлгэр цаг хоёрхон сар үргэлжилнэ. Үүнийг ашиглаж, дархлаагаа дэмжих хэрэгтэй. Өндөр уул, хад, тал хээрт ургадаг бэлчээрийн малынхаа махыг идээд, хотод бөөгнөрөлгүйгээр хөдөө ах дүү, аав ээж, өвөө эмээдээ очоод зайтай, олноороо шавалгүй, салхинаас өөр чимээгүй газар амраад, эргэж аравдугаар сард цуглая.

Улирлын томуу гэж жил бүр тохиолддог гамшиг бий. Тэрэнтэй корона давхцах нь тодорхой гэдгийг сануулаад байгаа. Дэлхийн бөмбөрцөгийн нөгөө талд улирлын томуу эхэлж, коронавирустэй давхцаад төвөгтэй байдал үүсгээд байгааг мэдээлсээр байна" хэмээв.

Мөн тэрбээр коронавирус бидний амьдралын хэв маягийг өөрчилж байгааг сануулаад хөөргөө дамжуулахгүй байх, олноороо цуглахгүй, гэр бүлийн хүрээнд, цомхон амарч авъя гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3021234284599145/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.