Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэтхэг улс бүртгэгдсэн нийт халдварын тоогоор ОХУ-ыг давж, дэлхийн хэмжээнд гуравдугаарт бичигдэх боллоо"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дэлхий дахинд цар тахлын нөхцөл байдал ямар байгааг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэв.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн хэмжээнд нийт 202,000 тохиолдол, 4,000 гаруй нас баралт шинээр бүртгэгдлээ.

АНУ

Долдугаар сарын 6-ны өдөр АНУ-д 44,000 тохиолдол, 235 нас баралт шинээр бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 2,886,000 болж, 129,800 гаруй хүн эндээд байна.

Тус улсын 32 мужид халдварын тоо өссөн хэвээр байгаа бол 14 мужид үзүүлэлт тогтвортой байгаа бол 4 мужид халдвар буурч байна. Халдвар хүн амын дунд өргөнөөр тархаж байгаа тул АНУ-ын хэмжээнд 35 мужид амны хаалт заавал зүүхийг шаардаж эхэлжээ.

Бразил

Даваа гарагт Бразил улсад 20,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 620 хүн уг өвчний улмаас нас барлаа. Тус улсын хэмжээнд батлагдсан халдварын тохиолдол өссөн дүнгээр 1,623,000 болж, 65,400 гаруй хүн эндээд байна.

Бразил улсад БНХАУ-ын Синовак биотехнологийн компанийн Коронавак вакцины эмнэл зүйн гуравдугаар шатны туршилтыг хийх болсон. Туршилтыг Санпаулу зэрэг хүн ам ихээр оршдог нийт дөрвөн мужид 9,000 гаруй сайн дурын хүнд энэ сарын 20-ноос эхлэн хийхээр болсон байна.

БНЭУ

Зүүн Өмнөд Азийн бүсийн Энэтхэг улсад өчигдөр 24,000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 697,000-д хүрлээ. Ингэснээр Энэтхэг улс дэлхийн хэмжээнд батлагдсан халдварын тоогоор ОХУ-ыг давлаа.

Мөн өдөр 425 нас баралт бүртгэгдэж, COVID-19-ийн улмаас эндсэн хүний тоо 19,000 гаруй болжээ.

ОХУ

ОХУ-ын батлагдсан халдварын тоо өчигдөр 687,000 гаруйд хүрч, дэлхийн хэмжээнд дөрөвдүгээрт бичигдэж байна.

Казахстан

Казахстан улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,403 шинэ тохиолдол, 18 нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр тус улсад батлагдсан нийт халдварын тоо 48,500-д хүрлээ.

Япон

Номхон далайн баруун бүсийн Япон улсад өчигдөр 179 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 102 нь Токио хотод бүртгэгдсэн байна.

Вьетнам

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад өнгөрсөн хоногт 14 тохиолдол шинээр бүртгэгджээ. Тус улсад 81 хоногийн турш нэг ч халдвар илрээгүй байсан бөгөөд шинээр бүртгэгдсэн 14 тохиолдол нь бүгд гаднаас зөөвөрлөгдсөн аж. Мөн тэдгээрийг бүгдийг нь эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.

Вьетнам улсад бүртгэгдсэн нийт халдвар 369 болсон бөгөөд нас баралт бүртгэгдээгүй юм.

Австрали

Австралийн холбооны улсад өчигдөр шинээр 140 тохиолдол бүртгэгдлээ. Тэдгээрийн 127 нь Виктория мужид бүртгэгдсэн байна.

Тус улсын Мельбурн хотод дэгдсэн халдварын тархалтыг хязгаарлах үүднээс тус хотын нийтийн орон сууцны хорооллын 3,000 гаруй оршин суугчийг гэрээс гарахыг нь хориглож, хатуу хөл хорио тогтоосон байгаа юм.

БНСУ

Солонгос улсад өчигдөр 44 тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 20 нь дотоодын халдвар бол 24 нь гаднаас зөөвөрлөгджээ.

БНХАУ

БНХАУ-ын эх газарт Даваа гарагт шинэ халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Гэхдээ гаднаас найман тохиолдол зөөвөрлөгдсөн талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээлжээ.

Зургаадугаар сарын 11-ний өдрөөс хойш батлагдсан 335 тохиолдлын 15 нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3021234284599145/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.