Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын муу муухайг дэлгэсэн ном хэвлэгдэхэд бэлэн болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын төрсөн ахын охин Мэри Трамп гэр бүлийнхээ дотоод түүхийг дэлгэсэн номыг хэвлүүлэхэд бэлэн болжээ.

Сэтгэл зүйч мэргэжилтэй Мэри “Too Much and Never Enough: How My Family Created the World’s Most Dangerous Man” номондоо АНУ-ын ерөнхийлөгчийг “манай дэлхийн хамгийн аюултай хүн” гэж тодорхойлсон байдаг.

Мэри өөрөө Трампын төрсөн ах “бага” Фрэд Трампын охин юм. Номыг хэвлүүлэхгүйн тулд ерөнхийлөгчийн дүү Роберт Трамп шүүхэд хандаад байв.

Тэр 2001 онд байгуулагдсан Трампын ах дүүсийн хөрөнгийн маргааныг зохицуулах гэрээний нууц хадгалах заалтыг Мэри Трамп зөрчсөн гэсэн үндэслэлээр хориглох хүсэлт гаргажээ.

Гэвч тэдний хооронд байгуулсан гэрээ нь номыг хэвлэн гаргах “Simon & Schuster” компанид хамаарахгүй гэж шүүх дүгнэсэн тул долдугаар сарын 14-нд худалдаанд гаргах болсноо Даваа гарагт зарласан байна.

Уг ном нь АНУ-ын ерөнхийлөгчийн нэр хүндийг сэвтээх ойрын үед хэвлэгдсэн хоёр дахь бүтээл болж байна. Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоны дурсамж ном өнгөрсөн сард худалдаанд гарсан юм.

Уг номонд Трамп нь АНУ-ын ерөнхийлөгч байх шаардлагыг хангаагүй хүн болохыг харуулсан олон баримтыг Болтон дэлгэжээ.

Цагаан ордон мөн Болтоны номыг хэвлүүлэхгүйн тулд шүүхэд хандсан ч үр дүнд хүрээгүй юм.

 

Эх сурвалж: AFP