Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийд хоёрт бичигдэх урт хөлтэй Монгол бүсгүйн тухай Британийн сонинд мэдээлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Их Британийн өдөрт тутмын “Daily Mirror” сонины онлайн хувилбарт дэлхийд хоёрт бичигдэх урт хөлтэй Монгол бүсгүйн тухай мэдээлжээ.

29 настай Рэнцэнхорлоо нь одоо АНУ-ын Чикаго хотод амьдардаг бөгөөд 2 метр өндөр нуруутай, ташаанаас өсгий хүртлээ 1.34112 метр урт хөлтэй юм байна.

АНУ-ын Техас мужийн Остин хотын оршин суугч 16 настай Мэси Каррин одоогоор 1.3462 метр урт хөлөөрөө дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байгаа ажээ. Түүнээс хэдхэн миллиметрээр богино хөлтэй Рэнцэнхорлоог “The Mirror” сонин дэлхийд хоёрт бичигдэх амжилтын эзэн гэж тодорхойлжээ.

Түүний аав 2.08 метр, ээж 1.85 метр өндөр нуруутай хүмүүс байдаг гэнэ.

46 размерын гутал өмсдөг Рэнцэнхорлоо өөрт таарах хэмжээтэй гутал, хувцас олдоход хэцүү байдгийг ярьжээ. “Би нэгдүгээр ангид байхдаа багштайгаа чацуу буюу 168 см өндөр байсан. Ийм өндөртэй жаахан охинд таарах хүүхдийн хувцас олддоггүй байлаа” гэж тэр дурссан байна.

Хэдийгээр ховорт тооцогдох урт хөлтэй төрсөн ч Рэнцэнхорлоо Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлэх сонирхолгүй байгаагаа ярьжээ.

 

Эх сyрвалж: The Mirror