Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Домогт хөгжмийн зохиолч Эннио Морриконе 91 насандаа таалал төгслөө

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Италийн домогт хөгжмийн зохиолч, кино урлагийн нэг эринийг тодорхойлoгч, Оскарын шагналт Эннио Морриконе өчигдөр буюу Даваа гарагт 91 насандаа таалал төгсжээ.

Тэрбээр 10 хоногийн өмнө дунд чөмгөө хугалж, Ром хотын эмнэлэгт хэвтэж байсныг түүний өмгөөлөгч Жоржио Ассумма мэдэгдсэн байна.

Ассумма хөгжмийн зохиолчийн нас барахаасаа өмнөхөн бичиж үлдээсэн захиаг эмнэлгийн гадаа сэтгүүлчдэд уншиж сонсгожээ.

“Эннио Морриконе миний амьдрал төгсөж байна” гэж эхэлсэн нэг хуудас захианд тэр амьдралынх нь туршид тусалж, дэмжиж байсан найз нөхөд, гэр бүлийнхэндээ талархал илэрхийлж, үр ач нартаа хэр их хайртайгаа илэрхийлсэн байна.

Морриконе 1956 оноос хойш хамт амьдарсан эхнэр Мариа Травиагаас эрт орхин явж байгаадаа уучлал гуйгаад салах ёс гүйцэтгэжээ.

Тэрбээр бусдад түвэг чирэгдэл учруулахгүйн тулд гэр бүлийн хүрээнд оршуулгыг нь зохион байгуулахыг хүссэн байна.

1928 онд Ром хотод төрсөн Морриконе нийтдээ 400 орчим киноны хөгжмийг бичсэн бөгөөд хамгийн олон удаа хамтарсан уран бүтээлч нь найруулагч Сержио Леоне байжээ. Тэд хамтдаа “The Good, the Bad and the Ugly” зэрэг вестэрн кинонуудаас эхлээд “Once Upon a Time in America” бүтээл дээр хамтран ажиллаж байв.

Морриконе бараг бүх төрөл ангиллын кинонд зориулан хөгжим бичсэний зарим нь киноноосоо ч илүү алдаршиж байжээ.

Нэрт хөгжмийн зохиолчийг “Италийн нэр хүндийг дэлхий дахинд түгээгч” гэж Итали улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар магтан дурсжээ.

Эннио Морриконе, Мариа Травиа нар дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсний гурав нь хүү, Андреа, Жиованни, Марко нар, нэг нь охин Алессандра юм байна. 

 

Эх сурвалж: Reuters