Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн есөн дүүрэгт ангилсан хог хаягдлын тусгай зориулалтын 10 автомашин хүлээлгэн өглөө

ikon.mn
2020 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд Хог хаягдлын үйлчилгээний байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хог тээврийн тусгай зориулалтын 10 автомашиныг есөн дүүргийн нутаг дэвсгэрт ангилсан хог хаягдал тээвэрлэх дүүргүүдийн Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад өнөөдөр хүлээлгэж өгөв.

"Хог хаягдлыг тээвэрлэх орчин үеийн тоноглогдсон 35 автомашиныг хүлээлгэж өгнө"

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Хог хаягдлын менежментийг өөр шатанд хүргэх нэг гол ажил бол техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон бусад хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд энэ хүрээнд олон ажлыг хамтран хэрэгжүүлж байна.

2020 онд нийтдээ хог хаягдлыг тээвэрлэх орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 35 автомашиныг хүлээлгэж өгнө. Өнөөдөр эхний ээлжийн 10 автомашиныг есөн дүүргийнхээ хот тохижилтын байгууллагуудад гардуулж өгч байна.

Та бүхнийхээ иргэдийн амьдрах орчныг цэвэрхэн байлгах энэ үйлст тань өндрөөс өндөр амжилт хүсье” хэмээлээ.

"Бид жилд 1.3 сая тонн хог тээвэрлэдэг. Үүний 85%-ийг нь дахин ашиглах бололцоотой бий"

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Иргэдийг эх үүсвэр дээр нь хогоо ангилан ялгадаг дадал зуршилд сургах нь их чухал. Ялангуяа цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, албан байгууллагад хэвшүүлэх үүднээс бид нийтдээ 149 хог ангилан ялгах цэгийг бий болгосон.

Жилд 1.3 сая тонн хог тээвэрлэдэг. Үүний 85 хувийг нь дахин ашиглах бололцоотой байдаг. Гэхдээ бид 25 хувийг нь л дахин ашиглаж, ангилан ялгаж байна. Цаашдаа энэ тоог бид нэмэгдүүлж ажиллана” гэсэн юм.

Тусгай зориулалтын машины түлхүүрийг Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун нар гардуулж өгөв.

ВИДЕО:

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс