Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Эрдэнэбатыг хууль бусаар цагдан хоригдсон талаар иргэд байр сууриа илэрхийллээ

ikon.mn
2020 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнбатын шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Өмнөх парламентын бүрэн эрхийг хугацаа дуусаагүй байхад шүүхээс түүнийг цагдан хорих шийдвэр гаргасан бөгөөд энэ шийдвэр өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. 

Ж.Эрдэнэбатыг хууль бусаар цагдан хоригдсон асуудлаар түүний сонгогдсон тойргийн иргэд байр сууриа илэрхийллээ. 

Сэлэнгэ аймаг Мандал сумын иргэн Ж.Оюунцэцэг 

 

Миний бие 2020 оны сонгуульд ажиглагчаар суусан. Ж.Эрдэнэбат номер нэгээр санал авч гарч ирсэн. Гэсэн хэдий ч гар тооллого явуулахад ямар ч асуудал байхгүй хар машинтай таарч байсан. Хууль бусаар хоригдсон манай гишүүний ажлыг хийлгээч  ямар учраас хоригдоод байгаа шалтгааныг хэлж, хурдан суллаж өгөөч гэж шаардаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Д.Бат-Эрдэнэ 

 

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль явагдаж өнгөрлөө. Сэлэнгэ аймагт 13 дугаар тойрогт МАН-аас Ж.Эрдэнэбат гишүүн маань нэр дэвшсэн. Нийт сонгогчдын 22,635 хүний санал авсан. Санал өгсөн Сэлэнгэчүүдийн хоёр хүн тутмын нэг нь Ж.Эрдэнэбат гэдэг хүнд өгсөн байгаа юм. Ард түмний сонголт бол хамгийн дээд шийдвэр. Гэтэл өнөөдөр энэ хүн УИХ-ын гишүүн болох эрхээ эдэлж чадахгүй хоригдож байгаад харамсалтай байна. Шударга ёс бол шүүхээс эхэлнэ. Гэтэл гишүүнийг бариад хорьчихсон нь Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Их хурлын тухай хуулийг зөрчсөн үүнийг хуульчдаас эхлээд иргэн бүр мэдэж байна. Тэгэхээр шүүх шийдвэрээ эргэн харна гэж бодож байна. Долдугаар сарын 2-нд шийдвэр зөв гарч Сэлэнгэчүүдийн сонголтыг хүндэтгэнэ гэж найдаж, итгэж байгаа. 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын өндөр настан Г.Алтанцэцэг

 

УИХ-ын гишүүд тангаргаа өргөсөн боловч манай гишүүн байхгүй учраас үйл ажиллагаа нь бүрэн гүйцэд явж чадсангүй ээ. Иймээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд ёс бус үйл ажиллагааг буруушааж байна. Тийм учраас гишүүнийг маань даруй суллаж, ажилд нь оруулахыг шаардаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Б.Бат-Үүл 

 

Энэ удаагийн сонгуульд МАН-аас гурван нэр дэвшигч өрсөлдөж, ялалт байгуулсан.  Хоёр эмэгтэй нэр дэвшигчийн хувьд анх удаа УИХ-д сонгогдсон гишүүд байгаа. Ж.Эрдэнэбат гишүүний хувьд Сэлэнгээс хоёр удаагаа сонгогдсон энэ удаад гурав дахь удаагаа сонгогдлоо. Эхнээсээ УИХ-д Сэлэнгэ түмнийг төлөөлж ямар асуудал ярих вэ гэдэг их чухал. Чуулганы эхний асуудал бол цаашдын Засгийн газар, УИХ яаж ажиллах вэ гэдэг чиг баримжаа гардаг гэж боддог. Монголчууд эхлэхдээ ямар байна төгсгөл нь тийм байна гэдэг. Сэлэнгэ түмний сонголтыг хүндлэхгүй цагдан хорьж байгаа нь олон мянган хүний эрх ашгийг зөрчиж байна. Цагдан хоригдож байх хугацаандаа нэгээр гарч ирж байна гэдэг бол Сэлэнгийн ард түмэн энэ хүнд хэр их хэмжээний итгэл найдвар хүлээлгэж буйн илрэл. Цаашдаа энэ байдал үргэлжлэх юм бол Сэлэнгийн ард түмний эрх ашиг хохирно. Залуучууд бид нар Ж.Эрдэнэбат гишүүнийг даруй суллан Сэлэнгэ түмнээ төлөөлөн үгээ хэлж, цаашдынх нь ажлыг үргэлжлүүлээсэй хэмээн хүсэж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн О.Мөнхзул 

 

Иргэн хүнийхээ хувьд МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг дэмждэг. Манай суманд хийсэн бүтээсэн ажил нь нүдэн дээр илт байдаг учраас дэмждэг байгаа. Энэ олон хүний сонголтыг хүндлээд төрийн тэргүүн, шүүхийн байгууллага харж үзэн суллаж өгөөч хэмээн хүсэж байна. Тэр хүний бүрэн эрхийн хугацаа одоо ингээд сунгагдчихлаа. Цаашид орон нутагтаа, улс орондоо ч гэсэн хийх ажлууд их байгаа байх. Бид нарын сонголтыг хүндлээч гэж дахин дахин хүсмээр байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Т.Түмэнбаяр 

 

Залуучууд нэгдэн Ж.Эрдэнэбат гишүүнийг суллахын төлөө сошиал дээр Free J_Erdenebat гэдэг давлагаа явсан. Ж.Эрдэнэбат гишүүний хувьд залуучуудыг маш их дэмжиж ажилладаг. Цаашдаа ч гэсэн төрийн эрх бариад явах эрхтэй гэж боддог.

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сангийн аж ахуйн агрономич Б.Туяа 

 

Сэлэнгэ түмний төлөөлөл, тариаланч бид нарын төлөөлөл энэ хүнийг бид нар сонгоод гаргаад ирлээ. Бид нар энэ хүнд итгэсэн. УИХ-д нэр дэвшсэн гишүүд маань УИХ-ын гишүүний үнэмлэхээ авлаа гэж сонслоо. Гэтэл бид нарын сонгосон нэр дэвшигч маань харамсалтайгаар торны цаана сууж буйд харамсалтай байна. Яагаад гэдгийг тэр дээд түвшинд байгаа улсууд хэлэх байх. Ногоочид, тариаланчдаа төлөөлөн хэлэхэд бид нарын эрхийг боогдуулж байна гэж хэлмээр байна. Бид нар итгэсэн учраас сонгосон. Сонгосон эрхийг минь битгий алдагдуулаач гэж төр засгаас хүсэх байна. Бид нар сонгосон гээд бид нарт буруу байхгүй. Бид нар итгэсэн итгэлээрээ энэ хүнээ сонгосон ч харамсалтайгаар цагдан хорихоос гарч ирээгүй байгаад харамсаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын өндөр настан О.Базар

 

Ж.Эрдэнэбат гишүүний хувьд манай улс төрд нэлээд өсөж яваа боловсролтой энгийн даруу ийм л сайхан хүү. Иргэн хүний хувьд түүнийг Сэлэнгэ аймагт гаргахгүй гэсэн зорилгоор цагдан хорьчихсон гэж ойлгож байгаа. Ард түмний сонголтыг хүндэтгэх ёстой ш дээ. Төр чинь ард түмнээсээ бүрдэж, тэндээсээ хүнээ гаргадаг. Тийм учраас ард түмний итгэл найдварыг дааж чадна гэдгийг Сэлэнгийн ард түмэн харуулчихсан учраас үүнд төр засаг итгэх ёстой гэж ойлгож байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын малчин Л.Батсүх 

 

Иргэн хүний хувьд цаанаасаа хийсэн аливаа нэгэн хувилдаан байх гэж үзэж байгаа. Яагаад сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө байцааж, хорьж болоогүй юм. Яагаад заавал төрсөн нутагт ирчихсэн үед ард түмний дундаас баривчилж байгаа нь сонин байсан. Гэхдээ ард түмнийхээ итгэл найдварыг хүлээгээд гараад ирлээ. Шүүх засаглал маань үнэн шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Төрийн хуулиас дээгүүр шүүх засаглал гэж Монгол Улсад тогтчихсон байна. Иймд УИХ-д гарсан гишүүд маань энэ асуудалд өөрчлөлтийг хийнэ гэж найдаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны иргэн Д.Шинэчимэг 

 

Сэлэнгэ аймгийн ард иргэд төр засаг буруу шийдвэр гаргасанд үнэхээр гомдож байгаа. Энэ хүнийг УИХ-д суух ёстой Сэлэнгэ түмний дуу хоолой болох ёстой юу үгүй юу гэдэг дүгнэлтийг саяны сонгуулиар тодхон харуулчихлаа. Хууль шүүхийн байгууллага буруу шийдвэрээ эргэн харж, хийх ажлыг нь хийлгээсэй гэж иргэний хувьд хүсэж байна. Долдугаар сарын 2-нд үр дүнтэй шүүх хурал болж, үнэн зөв шийдвэр гарч олон түмний сэтгэлд нар гийгүүлж суллана гэдэгт итгэлтэй байгаа. Төрийн хүн мөнөөс мөн гэдэг хариултыг Сэлэнгийн ард түмэн саяны сонгуулиар тод харуулж өгсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны иргэн Б.Батцэнгэл 

 

Сэлэнгэ тэр дундаа Мандал сумын Хэрх тосгонд өссөн хүний хувьд нутаг орноо гэсэн зүрх сэтгэлээр ажилладаг. Иймээс бид нар гурав дахь жилдээ сонгож байна. Эрх биш шүүх засаглал үнэн зөв шийдвэр гаргаж, бид нарын сонголтыг хүндэтгэж тангаргийг нь өргүүлж, амласан амлалтуудыг биелүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны иргэн П.Үүлэнцэцэг

 

Сэлэнгийн ард түмэн маш их итгэл хүлээлгэж байгаа. Хэрвээ энэ хүн нэр дэвших ёсгүй байсан бол мандатыг олгохоос өмнө яагаад барьж хорьж шийдээгүй юм. Яагаад заавал сурталчилгааны дундуур нутагтаа ирсэн хойгуур нь барьсан юм бэ. Ингэж барьж хорьсноороо Сэлэнгийн ард түмний эгдүүцлийг улам хүргэсэн. Энэ хүнийг хорих тусам ард түмнийхээ саналыг авахын дээдээр аваад гараад ирлээ. Одоо хууль шүүхийн байгууллага хууль бус шийдвэрээ эргэн харах хэрэгтэй. Энэ хүний эрх чөлөөг олгож, Сэлэнгийн ард түмний сонголтыг хүндэтгэж, сонголтыг чөлөөлөөсэй гэж хүсэж байна. 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны иргэн Ж.Сувдаа 

 

Ж.Эрдэнэбат гишүүний хувьд сумандаа төдийгүй Сэлэнгэ аймагтаа ихээхэн хөрөнгө оруулалтыг татаж оруулдаг. Тийм ч учраас энэ хүнийг төрд байх ёстой хүн гэж үздэг. Яагаад шударга бус үйл ажиллагаагаар цагдан хорьчхов. Шүүх засаглалын буруу үйл ажиллагааг бид нар эсэргүүцэж байгаа. Иймээс зөв шийдвэр гаргаж суллахыг хүсэж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны иргэн Б.Болортуяа 

 

Залуучууд бид нарыг маш ихээр дэмждэг. Спорт, урлаг, багшийн хөгжил гээд бүхий л зүйлд олон талын туслалцаа дэмжлэг үзүүлдэг. Орон нутагтаа тасралтгүй үйл ажиллагаагаа байнга хийдэг. Нэг ёсондоо эх оронч сэтгэлгээтэй хүн. 2020 оны сонгуульд залуучууд цаашид энэ хүнээс илүү их зүйлийг хүсэж саналаа өгсөн байгаа. Шүүх хурал энэ хүний сонгогдох эрхийг нь эдлүүлээд бид нарын сонгох эрхийг хэрэгжүүлж өгнө гэдэгт итгэлтэй байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Э.Хаснавч

 

Ж.Эрдэнэбат гишүүнийг хууль бусаар цагдан хорьж байгааг эргэн харж буруу гаргасан шийдвэрээ цуцалж суллахыг шаардаж байна. Яагаад гэвэл Сэлэнгэчүүд гурав дахь удаагаа үнэмлэхүй байдлаар сонгож байна гэдэг бол энэ хүн Сэлэнгэ нутагтаа юу хийж хийсэн бүтээсэн гэдгийг харуулж байгаа хэрэг гэж иргэн хүнийхээ хувьд үзэж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Ц.Ууганбаяр

Гэм буруугүй нь мэдээд Сэлэнгийн ард түмэн бүгд сонгосон. Тиймээс Ж.Эрдэнэбатыг суллахыг шаардаж байна. Суллагдаж ажлаа үргэлжлүүлж хийгээсэй хэмээн хүсэж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Г.Тольтдэлбээ 

 

Хууль зөрчөөд хорьсон гээд байгаа. Одоо ингээд УИХ-ын гишүүн болсон болохоор суллагдах байх. Энэ хүн Сэлэнгийг төлөөлөөд гарч ирж байгаа. УИХ-д энэ хүн байхгүй байна гэдэг бол Сэлэнгэд хийх ёстой зүйл багасаж байна гэсэн үг.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Т.Шинэбаяр

 

Залуучууд бол бүгд дэмжиж байсан. Ж.Эрдэнэбат гишүүнийг суллахгүй байгаа явдал нь бид хэдийн сонголтыг хүндэтгэж харьцахгүй байгаагийн илрэл юм.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Б.Оюунцэцэг

 

Үнэхээр Сэлэнгэ түмнийхээ төлөө хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй гэдгийг мэдэж байгаа учраас УИХ-д Ж.Эрдэнэбат гэдэг хүнийг дахин сонгосон. УИХ-д сонгогдсон гишүүд тангаргаа өргөж байна. Иймээс Ж.Эрдэнэбат гэдэг хүнийг цагдан хорихоос нь чөлөөлөөд тангаргийг нь өргүүлэх ёстой гэж бодож байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Ц.Болорчимэг 

 

Сонгуулийн үеэр цагдан хорьсон нь мэдээж шударга бус хэрэг байсан. Иргэд бид нарын сонгох эрхэнд халдсан. Бид нарын сонголтыг хүлээн зөвшөөр гэж хэлмээр байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Т.Тэмүүлэн 

 

Миний сонгосон хүнийг хүндлэхгүй, миний сонголтыг хүндлэхгүй байгаад бухимдалтай байна. Бусад нэр дэвшигч нарын үнэмлэхийг гардуулж өгөөд байхад ганцхан миний дэмжсэн Ж.Эрдэнэбат гэдэг хүний бүрэн эрхийг зөрчөөд үнэмлэхийг нь гардуулахгүй, цагдан хорьж байгаад маш их бухимдалтай байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Г.Амарбаясгалан 

Иргэд бол хуулийнхаа хүрээнд сонгох эрхийнхээ хүрээнд сонголтоо хийсэн боловч өнөөдөр гишүүнийг маань суллахгүй байна. Наад зах нь тангаргийг нь өргүүлэх үйл ажиллагаанд оролцуулахгүй байгаа нь зүгээр нэг хуулийн буруу шийдвэрийн нэг хэсэг нь ч биш. Үүний цаана Сэлэнгэ нутгийн улс орны хөгжилд саад хийж байна гэж үзэж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Л.Саяхүү 

 

Хойч үе болох оюутан залуучуудыг урлаг, спорт гээд бүх зүйл дээр Ж.Эрдэнэбат гишүүн дэмждэг учраас бид нарын хувьд төрд байх ёстой төлөөлөл гэж боддог. Ямар ч гэм буруугүй хүнийг цагдан хорьсон болохоор хурдан гарч ирээсэй гэж хүсэж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Э.Энхсэлэнгэ 

 

Ж.Эрдэнэбат гэдэг хүн залуучууд бид нарын төлөө хийж бүтээсэн зүйлүүд байгаа. Цагдан хорьсон явдалд гундуу байна. Долдугаар сарын 2-нд суллагдана гэдэгт итгэлтэй байгаа.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Э.Булгантамир 

 

Одоо хүсэж байгаа зүйл бол бид нарын сонгох эрхийг хүндэтгээд шударга шүүгээсэй хэмээн хүсэж байна. Бид нарын сонголтыг хүндэтгэсэн шийдвэр гаргана байх гэдэгт итгэж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын өндөр настан Б.Дэнсмаа 

 

Уул хүн нь буруу тийшээ эсрэг чиг шугамтай хүн байсан бол Сэлэнгэчүүд бид нар дэмжихгүй. Угаасаа Ж.Эрдэнэбат гэдэг хүн зөв хүн, тулгатай улс төрч учраас Сэлэнгийн 22,800 гаруй хүн саналаа өглөө. Ард түмэн уг хүнийг таньж, үнэлгээгээ өгсөн байна. Бид нар өөрсдийнхөө сонголтыг хийсэн. Тэгэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг энэ их бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж хийхэд манай гишүүний үүрэг тодорхой хэмжээнд байгаа. Тийм учраас Ерөнхийлөгч маань Сэлэнгийн ард түмний сонголтыг харж үзэх байлгүй гэж бодож байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын өндөр настан Ц.Мягмарсүрэн 

 

УИХ-ын 76 гишүүн тангаргаа өргөж байгаа ёслолыг эхнээс аваад дуустал нь үзлээ. Ганц хүн тангаргаа өргөсөнгүй нь Ж.Эрдэнэбат байлаа. Иймээс энэ шударга бус үйлдлээ зогсоож Сэлэнгэ аймгийн нийт иргэдийн сонголтыг хүлээн зөвшөөрч бид нарын сонголтыг хүндэтгэж үзээсэй хэмээн хүсмээр байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Д.Хадбаатар 

 

Хуулийн байгууллагын нүүр царай харагдаж байна. Түүнээс бол Ж.Эрдэнэбат, Дорж, Бат хоригдсон доо гол нь биш. Гурван хуулийг зөрчиж, баривчилсан. Өнөөдөр 20 гаруй мянган хүний саналаар УИХ-ын гишүүнд хүлээн зөвшөөрөгдөөд СЕХ-ноос гишүүний үнэмлэхийг нь олгочхоод байна. Тэгэхээр энэ хүнийг суллаж ард түмнийхээ нүдэн дээр үнэнчээр ажиллана гэж тангаргийг нь өргүүлнэ гэж найдаж байна.