Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин: Үндсэн хуулиа өөрчилснөөр Орос улс Зөвлөлтийн алдааг давтахгүй боллоо

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт ОХУ даяар бүх нийтийн санал асуулга явагдаж, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг иргэдийн олонх нь дэмжсэн билээ.

Өчигдөр Россия-1 сувгийн “Москва, Кремль, Путин” ярилцлагад оролцохдоо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уг өөрчлөлтийн нэг чухал ач холбогдлыг тайлбарлажээ.

Түүний тайлбарласнаар Зөвлөлт Холбоот Улсын үндсэн хуулинд тус улсын бүрэлдэхүүнд багтдаг 15 бүгд найрамдах улсад тусгаар тогтнолоо зарлах эрхийг олгосон нь том алдаа байсан гэнэ.

Оросын хувьсгалын удирдагч Владимир Лениний дэвшүүлсэн энэ онолыг Зөвлөлт Холбоот улс 1924, 1936, 1977 онуудад үндсэн хууль батлахдаа хэвээр хадгалж үлдээсэн нь үнэндээ “цагтай бөмбөг” болсон гэж Путин хэлсэн байна.

“Бид үндсэн хуульдаа шинэчлэлт хийсэн нь маш зөв алхам болсон гэж би үзэж байна. Ингэснээр төр улсын бат бэх байдал нэмэгдэж, цаашдаа улс орон олон жил тогтвортой хөгжих замыг засаж байгаа юм” гэж тэр ярьжээ.

Путин цааш нь ярихдаа “Бүгд найрамдах улсууд Зөвлөлтийн бүрэлдэхүүнд анх орохдоо Оросын асар том газар нутгийг авсан юм. Гэтэл сүүлд гэнэт бүрэлдэхүүнээс гарцгаах болсон. Уг нь бол Оросын ард түмний бэлгийг авч гаралгүй, анх нэгдэхдээ байсан газар нутагтай үлдэх ёстой байсан юм” гэсэн байна.

Харин үндсэн хуульд Оросын газар нутгийг хуваах, салгахыг хориглосон өөрчлөлт оруулснаар дахин ийм алдаа гарах боломжгүй болсныг Путин онцолжээ.

Баасан гарагт ОХУ-ын сонгуулийн төв хороо санал асуулгын үр дүнг эцсийн байдлаар танилцуулсан юм. Санал асуулгад оролцсон сонгогчдын 77.92 хувь нь үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж, 21.27 хувь нь эсэргүүцжээ. 

 

Эх сурвалж: ТАСС