Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Кэни Уэст 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо зарлав

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Америкийн рэп од Кэни Уэст энэ оны сүүлээр болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо зарлажээ.

“Хэтийн зорилгоо нэгтгэж, ирээдүйгээ бүтээж, бурханд итгэн Америкийн итгэл найдварыг бодитой болгох цаг ирлээ. Би АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байна!” гэж тэр твиттер хуудсандаа бичсэн байна.

Гэхдээ Уэст үнэнээсээ сонгуульд өрсөлдөх гэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Холбооны Сонгуулийн Хорооны нэр дэвшигчдийн бүртгэлд одоогоор түүний нэр алга байгаа юм.

2015 онд MTV Music Awards ёслолын арга хэмжээнд оролцож байхдаа Кэни Уэст анх 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлаж байв.

Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэр нэр дэвших хугацаагаа 2024 он болгон хойшлуулж байгаагаа хэвлэлд ярьж байжээ.

2020 оны сонгуулийн санал хураалт болоход дөрвөн сарын хугацаа үлдсэн бөгөөд Америкийн улс төрийн гол намууд нэр дэвшигчээ тодруулаад байгаа. Энэ удаагийн сонгуулийн гол өрсөлдөөн Бүгд Найрамдах намын Дональд Трамп, Ардчилсан намын Жо Байден нарын дунд өрнөх төлөвтэй байна.

Тиймээс 43 настай рэп од бие даан нэр дэвшихийн тулд олон хүний гарын үсэг цуглуулах шаардлагатай юм. АНУ-ын зарим гол мужуудад гарын үсэг цуглуулах үйл ажиллагааны хуулиар олгосон хугацаа дуусаад байна.

Кэни Уэст 2018 онд Цагаан ордонд зочилж, ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжиж явдгаа илэрхийлж байсан түүхтэй. Хэрвээ тэр энэ удаа нэр дэвшвэл өөрийн дэмждэг хүнтэй өрсөлдөх болоод байна.

Tesla, SpaceX компаниудын гүйцэтгэх захирал Илон Маск түүнийг бүрэн дэмжиж байгаагаа твиттер хуудсандаа мэдэгджээ.

Мөн реалити шоуны од Ким Кардашян нөхрийнхөө мэдэгдлийг Америкийн далбаатай цуг өөрийн сошиал хуудсанд нийтэлж, дагагчидтайгаа хуваалцсан байна.

 

Эх сурвалж: BBC