Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Их Долоо”-гийн бүлэгт Хятад улсыг нэмэхийг ОХУ санал болгожээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков

Энэ оны намар зохион байгуулагдах “Их Долоо”-гийн чуулга уулзалтад Хятад улсыг нэмж урих нь зүйтэй гэж үзэж байгаагаа ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков өчигдөр ТАСС агентлагт ярьжээ.

Тэр бас Орос улсыг уг арга хэмжээнд нэмж оролцуулах талаар Вашингтонтой ямар нэг яриа хэлэлцээ хийж эхлээгүй байгааг мэдэгдсэн байна.

ОХУ дахь АНУ-ын элчин сайд Жон Салливан ийм яриа хэлэлцээ Вашингтон-Mосквагийн хооронд эхэлсэн тухай Баасан гарагт RBC TV сувагт ярьж байсан юм. Тэгвэл Рябковын ярьсан зүйл Салливаныхтай зөрчилдөж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сард зохион байгуулах байсан “Их Долоо”-гийн уулзалтын товыг есдүгээр сард болгон хойшлуулж байгаагаа тавдугаар сард зарласан юм. Энэ жил АНУ уг уулзалтыг зохион байгуулах үүрэг хүлээж байгаа.

Ингэхдээ Трамп үндсэн долоон орноос гадна нэмж Австрали, Орос, Өмнөд Солонгос, Энэтхэг улсуудыг оролцуулах санааг дэвшүүлсэн юм.

Одоогоор Австрали улс уг саналыг албан ёсоор хүлээж аваад байна.

Харин Оросыг нэмэх асуудалд Франц, Канад улсууд эсрэг байр суурь илэрхийлсэн юм.

1997 оноос хойш “Их Долоо” нь Оросыг нэмээд “Их Найм” гэгддэг байсан боловч 2014 онд Украинаас Крымийг салгаж, нэгтгэсний дараа Оросыг хасаж байв.

Сергей Рябков өчигдөр ярихдаа “Хятадын нөлөөг тооцохгүйхгээр Их Долоог өргөтгөвөл алдаа болно. Орчин үеийн дэлхий ертөнцөд Хятадгүйгээр ямар ч асуудлыг хэлэлцэх боломжгүй” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters