Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг тууштай дэмжихээ АНУ дахин илэрхийлэв

ikon.mn
2020 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

УЛААНБААТАР, Монгол улс – 2020 оны долдугаар сарын 2-ны өдөр Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол)-ын зохион байгуулсан цахим Бизнес уулзалтад АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин Сайд Майкл Клечески илтгэгчээр оролцов. Энэхүү цахим уулзалтад АмЧамын гишүүн байгууллагуудын төлөөлөл, дотоод болон гадаадын бизнес эрхлэгчдийн төлөөлөл болох 35 хүн оролцлоо. АмЧам Монголын ТУЗ-ийн дарга Жэй Лиотта тус уулзалтыг нээж үг хэлэхдээ Монгол Улсад саяхан болж өнгөрсөн ардчилсан сонгуулийг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв. Тэрбээр үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, шашин шүтэх, эс шүтэх, тайвнаар жагсах эрх чөлөө хоёр орныг хамтад нь холбож байдаг гэдгийг дурдав. Геополитикийн хувьд Монголын ардчилал нь Евроазийг өөрсдийн хүссэнээр өөрчлөн засаглах гэсэн дарангуйлагч дэглэмтэй хөршүүдийнхээ хувьд үнэхээр сайхан түүх билээ. Тиймээс ч Монгол улсын тусгаар тогтнол, ард иргэдийн эрх чөлөө, хөгжил дэвшлийг дэмжих нь АНУ-ын сонирхолд бүрэн нийцнэ. АмЧам Монгол болон манай гишүүдийн хувьд жил бүр Вашингтон Диси хот руу зохион байгуулдаг уламжлалт бизнес айлчлал, Америкийн компаниудыг үндэсний компаниудтай холбож өгдөг бизнес аялалууд, жил бүрийн экспо үзэсгэлэн худалдаа, ажлын хэсгүүд, болон бодлогын өмгөөллийн ажлуудаараа дамжуулан Монгол улс болон АНУ-ын хоорондын харилцааг бэхжүүлэн тэлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулсаар ирсэн билээ. Бидний хувьд бие даасан, хувийн хэвшилд тулгуурласан, чөлөөт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхийг дэмждэг улс төрийн хараат бус, бие даасан байр суурь, бодлогын өмгөөллийн ажлууд маань манай байгууллагын нэрийн хуудас болсон юм. Эцэст нь, ТУЗ-ийн дарга Жэй Лиотта Элчин Сайд Клечески болон АНУ-ын ЭСЯ-ны хамт олонд Монгол улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах, Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл болон бусад санаачлагуудыг маань дэмжин, хамтран ажиллаж буйд гүнээ талархаж буйгаа илэрхийлэв.

Элчин Сайд Клечески хэлсэн үгэндээ АмЧам Монгол-ыг сайшаан, “АмЧам Монгол нь цар тахлын энэ хэцүү үед ч сайн ажиллаж байгаа гэдгийг хэлэхэд надад таатай байна. АмЧам Монгол нь цар тахлын үеэр гишүүд рүүгээ хандсан сайн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, тэднийг шаардлагатай чухал мэдээллээр хангаж, хоёр ч шинэ хороог үүсгэн байгуулсанд баяр хүргэе! Мэдээллийн технологи, цахим эдийн засгийн хороо нь АмЧам Монгол-ын зохион байгууулалтын бүтцэд оруулж буй маш чухал өөрчлөлт юм. Америкийн компаниудын нийгмийн хариуцлагыг маш сайн онцлон харуулж, цаашид улам хөгжүүлэх шаардлагатай гэж би үргэлж боддог тул шинээр байгуулагдсан Компанийн Нийгмийн Хариуцлагын Хороог сайшаан хүлээн авч байна” гэв.

АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин Сайд Майкл Клечески хоёр орны харилцаа улам өргөжин тэлж буйг онцлоод, тухайлбал нийслэл Улааанбаатар хотын ундны усны хэрэгцээнд зориулан Мянганы Сорилтын Сангаас олгож буй 350 сая ам.долларын төслийг дурдав. АНУ-ын Засгийн газар АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-р дамжуулан, НҮБ-ын салбар байгууллагуудад Монгол улсад дэлхий нийтэд дэгдсэн цар тахлыг даван туулахад туслах зорилгоор 1,5 сая ам.долларын тусламжийг олгосон. Түүнчлэн АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас Монгол улсад 5 жилийн хугацаатай нийт 41.3 тэрбум төгрөг (15 сая ам.доллар)-ийн буцалтгүй санхүүжилт бүхий “Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг Монгол улсын жижиг дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар эдийн засгийг төрөлжүүлэх, өсөлтийг дэмжих зорилгоор эхлүүлсэн.

Хоёр орны эдийн засгийн харилцааны хувьд Монгол улс руу экспортолсон АНУ-ын экспортын хэмжээ сүүлийн 5 жилийн хугацаанд хамгийн өндөр буюу өмнөх жилээс 60 хувиар нэмэгдэж, 193 сая ам.доллар болсон. АНУ руу экспортолсон Монголын экспортын хэмжээ нь 2019 онд өмнөх жилийн 10 сая ам.доллартай харьцуулахад 25 сая ам.доллар болж өссөн. АНУ-ын Засгийн газар Улаанбаатар дахь ЭСЯ-аараа дамжуулж, Монгол улсыг илүү тогтвортой, эдийн засгийн хувьд биеэ даасан улс болоход дэмжлэг үзүүлэхийг чухалчлан авч үздэг бөгөөд Монгол улсын ноолуурын салбарын экспортыг нэмэгдүүлэхэд шаардлагатай АНУ-ын Хөнгөлөлтийн ерөнхий системийн (GSP)-ийн талаар сурталчлан таниулах нь их чухал байна.

АНУ-аас Монгол улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) нь 2020 онд 788 сая ам.доллар болж нэмэгдсэн нь өмнөх 2 жилтэй харьцуулвал 90 хувийн өсөлт бөгөөд ингэснээр АНУ нь ГШХО-ын хэмжээгээрээ 4 дэх том хөрөнгө оруулагч болж байна. Бидний хувьд Ил тод байдлын гэрээг хэрэгжүүлэх нь маш чухал бөгөөд хуулийн legalinfo.mn вэбсайтаар дамжуулан гадаадын хөрөнгө оруулагчид хуулийн төслүүдэд өөрсдийн санал бодлыг тусгах боломжийг бий болгох тал дээр ажиллаж байна. Төгсгөлд нь бидний хувьд банкны салбарын шинэчлэл гэдгийг эх үүсвэр нь тодорхой өөрийн хөрөнгөтэй, эрүүл банкууд, мөнгө угаах гэмт хэргийн эсрэг бүрэн ажилладаг тогтолцоог хэлж буй бөгөөд энэ нь Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр сунгагдах гол нөхцөл билээ.

Илтгэлийн дараа Элчин Сайд болон АНУ-ын ЭСЯ-ны ажилтнууд цахим уулзалтанд оролцож буй бизнесийн төлөөллүүдийн сонирхсон асуултуудад хариулав.

АмЧам Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.