Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Токиод шинээр бүртгэгдсэн 107 тохиолдлын дийлэнх нь шөнийн клубүүдээр үйлчлүүлсэн 20-30 насныхан байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Шинэ коронавирусийн тархалт дэлхий дахинд ямар байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэв.

АНУ

Долдугаар сарын 2-ны өдөр АНУ-д 54,300 гаруй тохиолдол, 725 нас баралт шинээр бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 2,679,000-д хүрч, 128,000 гаруй хүн эндсэн талаар АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлэв.

Халдвар хүн амын дунд өргөн хүрээнд тархаж байгаатай холбоотойгоор 23 муж улс үйлчилгээний байгууллагаа нээх шийдвэрээ хойшлуулсан байна.

Түүнчлэн АНУ-ын муж улсууд иргэдээ олон нийтийн дунд байхдаа амны хаалт зүүхийг шаардаж эхэлжээ.

Бразил

Бразил улсад сүүлийн 24 цагт 48,100 тохиолдол, 1,252 нас баралт нэмж бүртгэгдсэн. Тус улсын батлагдсан халдвар өссөн дүнгээр 1,496,800 гаруй болсон бол 61,800 гаруй хүн уг өвчний улмаас нас бараад байна.

Одоогоор 852,000 гаруй хүн эдгэрсэн талаар Бразилын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ОХУ

Европын бүсийн ОХУ-д нийт халдварын тохиолдол 661,000 гаруйд хүрч, 9,600 гаруй хүн энджээ.

Япон

Номхон далайн баруун бүсийн Япон улсад өчигдөр 125 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа. Шинэ тохиолдлуудын 107 нь Токио хотод бүртгэгдсэн бөгөөд дийлэнх нь 20-30 насны залуус байжээ.

Халдварын зам мөрийг хөөж үзвэл Токиогийн шөнийн клуб, баараар үйлчлүүлсэн иргэд байна.

Австрали

Австралийн холбооны улсад долдугаар сарын 2-нд 86 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 77 нь Виктория муж улсад бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагаас хойш 253 халдвар шинээр батлагдаад байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Австрали улсад бүртгэгдсэн халдварын тоо нийт 8,001 болоод байгаа бөгөөд 104  хүн эндсэн.

БНСУ

Пүрэв гарагт БНСУ-д 63 тохиолдол бүртгэгдлээ. Үүний 52 нь дотоодын халдвар байна.

Тус улсад COVID-19-ийн халдвар авч эдгэрсэн 18-64 насны нийт 269 хүний сийвэнг цуглуулаад байгаа бөгөөд сийвэнгийн донорт тавигдах гол шаардлага нь эдгэрч тусгаарлалтаас гарсан хүн дор хаяж 14 хоногийн дараа цусаа хандивлах аж. Одоогоор Эрүүл мэндийн таван байгууллагад нийт 18 өвчтөнд сийвэнгийн эмчилгээ хийгээд байна.

Тус улсад халдвар авсан хүмүүсийн эмчилгээний зардлыг төрөөс дааж байгаа бөгөөд үүнд Remdesivir тарилгын үнэ багтаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

БНХАУ

БНХАУ-д өчигдөр таван шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн бол хоёр нь Бээжин хотод бүртгэгдсэн байна.

Зургаадугаар сарын 11-ний өдрөөс хойш Бээжин хотод батлагдсан тохиолдлын тоо өссөн дүнгээр 331 болсон бөгөөд 7 хүн бүрэн эдгэрсэн гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/275362060341606/?v=275362060341606

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.