Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бат-Эрдэнэ: Архивын 21 төрлийн лавлагааг нийслэлийн 19 хорооноос авах боломжтой болсон

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НЗДТГ, Азийн сангаас хамтран хэрэгжүүлж буй "Хотын засаглалыг сайжруулах төсөл"-ийн төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилтын хүрээнд архивын 21 төрлийн лавлагааг нийслэлийн 19 хорооноос иргэд харъяалал харгалзахгүй авах боломжтой болсон. 

Энэ талаар Нийслэлийн Архивын Газрын ахлах мэргэжилтэн Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.

-Дээрх 21 төрлийн үйлчилгээг багцлаад танилцуулна уу. Эдгээрээс иргэдийн дунд хамгийн түгээмэл ямар үйлчилгээ байдаг вэ? 

-Нийслэлийн Архивын газар нь Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвүүд болон дүүргүүдийн архивын тасгаас архивын лавлагаа авах үйлчилгээг иргэдэд хуулбарлан олгодог байсан бол 2016 оноос хойш хэрэгжиж буй "Хотын засаглалыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай, чирэгдэлгүй хүргэх, иргэдийн цагийг хэмнэх, зардал чирэгдлийг багасгах зорилгоор шат дараатайгаар хороодод шилжүүлж байна. 

Архивын газар нь тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой “Ажилласан жилийн лавлагаа”, түрээсийн болон ахмадын орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдэд зориулсан “Орон сууцны эрхийн бичгийн лавлагаа”, НИТХ, НЗД болон бүх шатны Засаг даргын тогтоол, захирамж, тушаал, хурлын тэмдэглэл, тендер, өмч хувьчлалын лавлагаа гэх мэт 21 төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд харьяалал харгалзахгүй олгоно. 

 

-Эдгээр үйлчилгээг Улаанбаатар хотын иргэд сонгогдсон 19 хорооноос авах боломжтой гэсэн. Аль хороод вэ? 

-Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд эхний ээлжид нийслэлийн зорилтот 7 хороогоор дамжуулан дээрх үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд 2020 оноос төвийн 6 дүүргээс гадна гэр хороолол, байр хороолол, хүн амын нягтрал, алслагдсан болон төвийн хороодыг сонгон авч хороодын тоог нэмэгдүүлэн 19 болгосон. 

-Архивын лавлагаа үйлчилгээг авахад шаардагдах баримт бичиг, зарцуулах хугацаа зэрэг мэдээллийг хаанаас авах вэ?

-Архивын лавлагаа авахдаа иргэд өөрийн биеэр ирж тухайн хүссэн лавлагааны талаар тодруулга өгч захиална.

Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирэх боломжгүй иргэдийн биеийн байцаалтыг төлөөлж байгаа иргэн заавал авч ирж өөрт ойрхон хороондоо очин захиалгаа өгөөд 3-5 хоногийн дараа ахиж очин авах боломжтой. Эсвэл lavlagaa.ub.gov.mn сайтаар захиалгаа өгөн, өөрт ойр хорооноосоо мөн 3-5 хоногийн дараа очиж авах боломжтой. 

Архивын лавлагааг шуудангаар хүргүүлэх тул аль ч лавлагаа 3-5 хоногт багтаан таны гарт хүрнэ. Та бүхэнд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол Нийслэлийн Архивын Газрын 75105000 дугаарын утсаар холбогдох боломжтой.