Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болортуяа: Долоон бүлийн 32 толгой тарвагыг тахлын голомтгүй бүс нутагт шилжүүлсэн

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Хаврын хуурайшил дууссантай холбоотойгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Нийслэлийн байгаль орчны газраас өнөөдөр мэдээлэл танилцууллаа. 

Нийслэлийн нутаг дэвсгэрт усархаг аадар бороо орж үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх зорилгоор иргэд олноор зорчин аялж зугаалдаг, амардаг, отоглон хонодог гол, нуур, цөөрөм, гүн нь тодорхойгүй тогтоол устай байршлуудыг тогтоон шаардлагатай газруудад самбар суурилуулах ажлыг зохион байгуулсныг Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа мэдээллийн эхэнд онцлов. 

Тодруулбал, тус газрын албан хаагчид нийслэлийн нутаг дэвсгэрт байршил тогтоох эргүүл, шалгалтыг хийсний үр дүнд Баянзүрх дүүргийн Гачуурт, Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Хуайндай, Хонхор зэрэг нийт 10 байршилд, Хан-Уул дүүргийн Биокомбинат болон гэр хорооллын орчим, Үйлдвэрийн ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс зэрэг гурван байршилд, Сонгинохайрхан дүүргийн Хун нуур, Хүйн гол, карьерийн ухмалаас үүссэн нуур зэрэг дөрвөн байршилд, Сүхбаатар дүүргийн Шарга морьтын гүүрний доод талын нэг байршилд тус тус гол, усны аюулаас сэргийлэх мэдээллийг хүргүүлжээ.  

Ингэхдээ нийслэлийн иргэд, оршин суугчид агаар салхинд гарахдаа гол, усны аюулд өртөх эрсдэл бүхий Туул гол, байгалийн тогтоцоор болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр үүссэн нуур цөөрмүүд болох дээрх газруудын дэргэд анхааруулга, сэрэмжлүүлгийн мэдээллийг тусгасан 2:1 метрийн хэмжээтэй нийт 18 самбарыг 2020 оны зургаадугаар сарын 20-28-ний өдрүүдэд суурилуулан, гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлсэн байна. 

7 бүлийн 32 толгой тарваганы тарваган тахлын халдварыг шалгаж, голомтгүй бүсээс голомтгүй бүс нутагт шилжүүлэн нутагшуулжээ 

Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор Монгол тарваганы /Marmota sibirica/ тархац нутаг хумигдаж улмаар зэрлэгшсэн нохдод бариулж тоо толгой нь цөөрч байгаа аж. Мөн ЗӨСҮТ-өөс “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд өндөр байгааг анхааруулсаар байна.

Иймд нийслэлийн Байгаль орчны газраас анх 2017 онд Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шарга морьтын амны зуслангийн бүсээс нийт 102 бодгаль тарвагыг ЗӨСҮТ, ан амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Амьтныг шинжлэх ухааны зориулалтаар барьж, зөөвөрлөх журам”-ын дагуу барьж голомтгүй бүсээс голомтгүй бүс нутагт хуучин тарвага нутагшиж байсан Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулж, тухайн газар нутагтаа дасан зохицож буй эсэхэд байгаль хамгаалагчийн оролцоотойгоор мониторинг судалгаа хийж байна.

Энэ жилийн хувьд тус газраас ан амьтны мэргэжлийн байгууллага болох ХААИС, “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-тай хамтран айлын хашаанд хамгийн ойр тархсан Хуурай мухар, Шарга морьтын амны зуслангийн бүсээс нийт долоон бүлийн 32 толгой тарвагыг барьж ЗӨСҮТ-ын түргэвчилсэн оношлуураар тарваган тахлын халдварыг шалган тарваган тахлын голомтгүй бүсээс голомтгүй бүс нутагт буюу нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулах ажлыг зохион байгуулж, шинэ орчинд дасан зохицож буй тал дээр мониторинг ажиглалтыг хийж эхэлжээ. 

Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг тунгалгийн зангилаа, уушиг, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин юм. 

Шарга морьтын эхнээс зүүн хойш чиглэсэн нийт 2 км урттай 2 байршилд түймрийн халз зурвас шинэчлэн сэргээнэ

Мөн ОАЖЯ, Ойн судалгаа хөгжлийн төв УТӨҮГ-ийн дүгнэлт, нийслэлийн Онцгой байдлын газрын саналд үндэслэн түймэрт өртөх эрсдэлийн зэрэг болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг харгалзан эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бага баянгаас Халзангийн ам руу чиглэсэн зурвас, мөн хорооны Шарга морьтын эхнээс зүүн хойш чиглэсэн нийт 2 км урттай 2 байршилд түймрийн халз зурвас шинэчлэн сэргээхээр сонгосон аж.

Энэ жилийн хувьд түймрийн халз зурвас шинэчлэн сэргээх ажлыг холбогдох хуулийн дагуу нээлттэй зарлаж, тус ажлын гүйцэтгэгчээр Батлан хамгаалах яамны харьяа ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй Зэвсэгт хүчний 310 дугаар анги шалгарч, гэрээ байгуулан ажиллаж байгааг хэлэв.    

Нийслэлийн ойд дөрвөн зүйлийн хортон шавж илэрсэн тул хурдан устгах шаардлага тулгарчээ 

Түүнчлэн нийслэлийн 116 мянган га нь ойн сангаас 95 мянга га талбай нь ойгоор бүрхэгдсэн байдаг.  Ойгоор бүрхэгдсэн нийт талбай дээр хуурайшилт их байсантай холбоотойгоор хортон шавжууд их гарсан бөгөөд сая судалгаагаар дөрвөн зүйлийн хортон шавж илэрсэн тул устгах ажлыг хийх шаардлага тулгарч байгаа аж. Сүүлийн дөрвөн жилд 7,600 га талбайд хортон тэмцлийн ажил хийсэн. Хурдан устгал хийхгүй бол олон сөрөг талтай. Иймд долоо наймдугаар сард нийслэлд хортон тэмцлийн ажил хийгдэнэ гэдгийг нэмж хэлэв. 

Үүгээр зогсохгүй энэ жил самар ургадаг жил хэмээн үзэж байгаа юм байна. Нийслэлийн нутаг дэвсгэрийн 17 хувьд нь самар ургадаг бөгөөд иргэд самраа бүрэн болсны дараагаар түүж, мод хугалж гэмтээхгүй, хууль бус үйлдэл гаргахгүй байхыг анхааруулав.