Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ Испанийн хотууд илэрхийлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Колоничлол, боолчлолын түүхтэй холбоотой хүмүүсийн хөшөөг буулгах хөдөлгөөн АНУ-д өрнөж байгаа бол Испанийн зарим хотууд тэдгээр буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ илэрхийлжээ.

АНУ-ын баруун мужуудад Испанийн колоничлолын түүхтэй холбоотой түүхэн хүмүүсийн хөшөө олон байдаг.

Өнгөрсөн сард Калифорни мужийн эрх баригчид 1883 оноос хойш Сакраменто хотын захиргааны байранд сүндэрлэж байгаа Испанийн хатан хаан Изабелла болон аялагч Христофор Колумбын хөшөөг буулгах шийдвэр гаргасан юм.

Мужийн захиргаа тэдгээр түүхэн хүмүүсийг Америк тивийг колоничолж, нутгийн уугуул иргэдийг хоморголон устгахад гол үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэжээ.

Тэгвэл Испани улсын зүүн хойд Талавера де ла Рейна хэмээх жижиг хотын 2,000 оршин суугч Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсомд захидал илгээж, хөшөөний хувь заяанд санаа зовж буйгаа илэрхийлсэн байна.

“Бид өөрсдийн түүхээс ичдэггүй. Бид хийсэн алдаагаа ойлгодог ч өнөөдрийн өнцгөөс өнгөрсөн түүхийг шүүх нь буруу гэдгийг мэддэг” гэж захидалд бичээд хөшөөнүүдийг хүлээж авахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

Хөшөөг тээвэрлэх зардлыг бүрэн гаргахаа ч мэдэгдсэн байна.

Тэгвэл Мадридын ойролцоох Боадилла дел Монте хотын захирагч АНУ-ын Сан Франциско хотын захирагч Лондон Бридэд хандаж ижил агуулгатай захидал бичсэн байна.

Саяхан Сан Францискод байдаг Испанийн шашны номлогч Хуниперо Серрагийн хөшөөг буулгаж, “Дон Кихот”-ыг бичсэн зохиолч Мигуэл Сервантесын хөшөөн дээр элдэв зүйл сараачиж, бохирдуулсан юм.

Хэрвээ эдгээр хүмүүсийн хөшөөг Сан Франциско хотын захиргаа хамгаалж чадахгүй байгаа бол хүлээж авахад бэлэн байгаагаа Боадилла дел Монте хотын захирагч Хавиер Убеда мэдэгджээ.

Хуниперо Серра 18 дугаар зуунд Калифорнид шашин номлох элчээр ирсэн нь Испанийн цуст колоничлолын эхлэл болсон гэж үздэг.

Калифорни даяар Серрагийн хөшөөг буулгах хөдөлгөөн өрнөхөд Испанийн элчин сайдын яам АНУ-ын засаг захиргаанд харамсал илэрхийлж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian