Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн цагдаа Сириэс ирсэн нэг тэрбумын үнэлгээтэй мансууруулах бодисыг илрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Сириэс Европын зах зээлд гаргах гэж байсан их хэмжээний амфетамин төрлийн мансууруулах бодисыг илрүүлснээ Италийн цагдаагийн газар өчигдөр зарлажээ.

Нийтдээ 14 тонн жинтэй амфетамины зах зээлийн үнэлгээ нэг тэрбум евро хүрэх ба хэмжээний хувьд ч, үнэлгээний хувьд ч ийм төрлийн мансууруулах бодисын дэлхийд хамгийн том илрүүлэх ажиллагаа болсныг мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

Том боодолтой цааснууд, ган цилиндрүүдэд нуусан ачаа өмнөд Италийн Салерно боомтод иржээ.

Сүүлийн саруудад Европ даяар коронавирусийн хорио цээр тогтсоны улмаас амфетамины үйлдвэрлэл зогссон тул мансууруулах бодисын наймаачид Сириэс бараа захиалсан нь энэ байх гэж Италийн цагдаа таамаглаж байна.

Мөн энэ ачааг Исламын Улс зэвсэгт бүлэглэл үйлдвэрлэсэн гэж дүгнэжээ. Учир нь тус бүлгийн дайчид яг ийм төрлийн бодисыг байлдааны ажиллагаа, халдлага зохион байгуулахдаа хэрэглэдэг байсан гэнэ.

Мөн өөрсдийн үйлдвэрлэсэн амфетаминыг борлуулах замаар үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг байсныг ч тогтоосон байна.

Амфетаминыг 1960-аад оны үед Captagon нэрийн дор эмчилгээний зорилгоор анх үйлдвэрлэж байсан ч донтуулах үйлчилгээ өндөр гэсэн шалтгаанаар 1980-аад оноос хойш хориглосон юм. 

Гэвч энэ бодис Ойрх Дорнод өргөн хэрэглэгддэг ба зөвхөн Саудын Арабт жилд 55 сая таблетыг хураадаг гэсэн тоо бий. 

Үйлдвэрлэхэд хялбар хямд, орц түүхий эд нь олдоц сайтай байдаг тул хэрэглээ нь өндөр байдаг аж.

Италид ирсэн ачааг хүлээн авагч нь тус улсын Каморра мафийн бүлэг гэдэгт цагдаа нар итгэлтэй байна. “Тэрбумын үнэтэй ачаа мафийнхны оролцоогүйгээр манай боомтод ирнэ гэж байхгүй” гэж илрүүлэх ажиллагааг удирдсан Неаполь хотын цагдаагийн хурандаа Доменико Наполитано хэвлэлд ярьжээ.

 

Эх сурвалж: CNN