Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Урсгал сөрж, цагдаагийн алба хаагчийн биед халдсан жолоочийг 2.9 сая төгрөгөөр торгожээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин урсгал сөрж яваад цагдаагийн алба хаагчийн биед халдсан жолооч эмэгтэйг шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Уг хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр гарч, жолоочид 2.9 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Эргэн сануулахад, тавдугаар сарын 1-ний өдөр 07:50 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутагт Nissan Note маркийн автомашины жолооч А нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, урсгал сөрөх явах үед нь Цагдаагийн алба хаагч зогсоон шалгасан.

Энэ үед тухайн иргэн Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, улмаас биед нь халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тараад байсан юм.

Хэргийн талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Н.Шинэбаатар "Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцсон.

Тодруулбал, тухайн иргэнд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэргийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч А-д 2,900 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль буюу 2.9 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна.

Иймд хөдөлгөөнд оролцогчид замын хөдөлгөөний дүрмээ чанд сахин, цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/zamiintsagdaa/videos/319960602344816/