Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавируст халдварын батлагдсан тохиолдлуудын 84 хувь эхний шинжилгээгээр илэрсэн"

Г.Номин, iKon.mn
2020 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад батлагдсан COVID-19-ийн тохиолдлуудын эмнэл зүйн шинж тэмдгийн талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Бид нэгдүгээр сарын 8-наас хойш 11,000 гаруй хүнд тандалт судалгаа, шинжилгээ хийж ажилласан байна. Энэ хугацаанд 29 тусгай үүргийн онгоц хүлээн авч, Алтанбулаг боомтоор дөрвөн удаа оюутан, сурагчдаа татан авсан.

11,000 гаруй хүнээс халдварын 220 батлагдсан тохиолдлыг илрүүлж, өнөөдрийн байдлаар 176 хүнийг эмчилж, эдгээгээд байгаа. Эдгэрсэн хүмүүсийг 14 хоног сувилалд тусгаарлан ажиглалтын хугацаа дуусахад шинжилгээ аваад гэрт нь гаргаж байна. Өнөөдрийн байдлаар сувилалд 68, гэртээ 73 ажиглалтад байгаа.

"Халдварын батлагдсан тохиолдлуудын 70 хувь нь оюутан"

Нийт батлагдсан тохиолдлыг 82 хувь нь ОХУ-аас орж ирсэн бол бусад тохиолдлууд 13 орноос зөөвөрлөгдөн иржээ. Батлагдсан тохиолдлуудын 50 хувь нь Алтанбулаг боомтоор, 50 хувь нь Буян-Ухаа боомтоор нэвтэрч орж ирсэн бөгөөд 70 хувь нь оюутан, хүйсийн хувьд 68 нь эрэгтэй байна. Насны хувьд 6-80 насныхан байгаа.

Вируслогийн лабораторид өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 24,000 гаруй хүнийг шинжилсэн. Томуугийн тандалтын тогтолцоогоор 7 хоногт 50-60 сорьцыг шинжилж, ард иргэдийн дунд коронавируст халдвар тархсан эсэхийг тандаж байгаа.

Зохион байгуулалттайгаар татан авч байгаа иргэдээ ирмэгц эхний хоёр хоногт багтаан эхний шинжилгээг, 12-13 дахь хоногт хоёр дахь шинжилгээг, 21 хоног болоод гарахынх нь өмнө авч байгаа. Батлагдсан тохиолдол олон байгаа нислэгүүдээр ирсэн бол 4-6 удаан шинжилгээнд хамруулж байна.

Нийт батлагдсан тохиолдлын 84 хувь эхний, 12.2 хувь нь хоёр дахь, 3 хувь нь гурав дахь давтан шинжилгээгээр илэрсэн.

"Монгол хүний хувьд нууц үе ямар хугацаатай байгааг тогтоох боломжгүй"

Халдварт өвчний нууц үе гэдэг бол вирус тухайн хүний биед орсноос хойш эмнэл зүйн шинж тэмдэг илрэх хүртэл хугацааг хэлдэг. Коронавируст халдварын хувьд эмнэл зүйн шинж тэмдэггүй өвчлөх тохиолдол их байгаа учраас одоог хүртэл нууц үеийн тодорхой тогтоогоогүй байна. ДЭМБ-ын 52 тохиодлолд хийсэн судалгаагаар нууц үед 14 хоног байгаа бол БНХАУ-д 182 тохиолдолд хийсэн судалгаагаар нууц үе 5-7 хоног байгаа.

Харин манай улсын хувьд хүн амын дунд халдвар тархаагүй байгаа учраас нууц үеийн хугацааг судлан тогтоох боломжгүй. Халдвартай хүнтэй хавьтал болсон өдрөөс хойш нууц үеийг тооцон тогтоодог учраас зөөвөрлөгдөн орж ирж байгаа энэ нөхцөлд монгол хүний хувьд нууц үе ямар хугацаатай байгааг тогтоох боломжгүй.

ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн эмчилгээний явцаас харахад вирус ялгарах хугацаа урт байгаа. Тодруулбал, вирус хамрын арчдаст 28, хоолойн арчдаст 39, өтгөнд мөн 39, цэрэнд 42 хоног агуулагдаж байна" гэдгийг танилцууллаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/270306877753624/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.