Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгө угаах гэж юу вэ?

ikon.mn
2020 оны 7 сарын 1
Санхүүгийн Зохицуулах Хороо

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “мөнгө угаах” гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг” хэлнэ гэж томъёолсон байдаг. 

Гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулж, хэлбэр дүрсийг нь хувиргаж эдийн засгийн эргэлтэд оруулж “бохир” мөнгийг “цэвэр” буюу хууль ёсны орлого мэт харагдуулах оролдлого нь мөнгө угаах гэмт хэрэг юм.

 

Гэмт хэрэгтнүүд их хэмжээний бэлэн мөнгийг дараах хууль бус үйл ажиллагаанаас олдог бөгөөд тэр нь мөнгө угаах гэмт хэргийн үндэс болдог. Үүнд:

  • Хууль бус галт зэвсгийн наймаа
  • Хүний, эд эрхтний наймаа
  • Хар тамхины худалдаа
  • Бусдын биеийг үнэлүүлэх
  • Мөнгөн тэмдэгт хуурамчаар боловсруулах
  • Авлига, хээл хахууль
  • Татвараас зайлсхийх
  • Байгаль орчны эсрэг, гэмт хэрэг
  • Хулгай, дээрэм
  • Цахим гэмт хэргийн хохирогчоос шаардаж авсан барьцаа төлбөр, далд веб дэх хууль бус үйл ажиллагааны төлбөр болгож биткойн, этериум зэрэг криптовалютаар олсон орлого гэх мэт

Иймд гэмт хэрэгтнүүд хууль бус үйл ажиллагаанаас олсон орлогоо мэдээлэх үүрэгтэй этгээд эсвэл, хууль хяналтын байгууллагын анхаарлыг татахгүй, тэдний хараанд өртөлгүйгээр зарцуулах боломжтой болохын тулд санхүүгийн системд нэвтрүүлж, жинхэнэ эх үүсвэрийг нь нуун дарагдуулж, төөрөгдүүлэх замаар хууль ёсны орлого мэт харагдуулахыг зоридог.

Видео: “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэж юу вэ” 

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО