Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Бельгийн нэг хот колоничлогч эзэн хааныхаа цээж баримлыг буулгалаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Бельгийн Гент хотын захиргаа тус улсын эзэн хаан агсан Леопольд II-ын цээж баримлыг буулгажээ. Африк тивийн Конго улсад тогтоосон колонийн дэглэмээ төгсгөл болгосны 60 жилийн ойг өчигдөр Бельги улс даяар тэмдэглэсэн юм.

Баримлыг буулгахаас хэдхэн цагийн өмнө Бельгийн хаан Филипп түүхэнд анх удаа 19 дүгээр зууны сүүлээр Конгыг колоничолж байсандаа гүн харамсал илэрхийлжээ.

1865-1909 оны хооронд Бельгийн хаан байсан Леопольд хувийн эд хөрөнгөө арвижуулах зорилгоор Конгын ард иргэдийг харгис хэрцгий аргаар боолчилж байсан юм.

Энэ хугацаанд нийт 10 сая орчим нутгийн иргэн аллага, хүнд хөдөлмөрийн улмаас нас барсан гэсэн тооцоо байдаг. 

Бельги улс олон жилийн турш колоничлолын үеийн түүхээ цайруулж, эерэг нөлөөг нь сурталчилсаар ирсэн юм. АНУ-д африк гаралтай иргэн Жорж Флоидын амийг хөнөөснөөс эхлэлтэй арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэл Бельгийн бараан түүхийг сэргээн сануулж, Леопольд хааны хөшөө дурсгалыг буулгах хөдөлгөөн өрнөж эхлээд байна.

Гент хот дахь хааны хөшөө өмнө нь халдлагад олон удаа өртөж байсан ч Жорж Флоидын аллагын дараа улам нэмэгджээ.

Өчигдөр Гент хотын цэцэрлэгт хүрээлэнд Леопольдын цээж баримлыг буулгах богино хэмжээний арга хэмжээ зохион байгуулагдсан юм.

Леопольд хаан 1908 онд Бельгийн газар нутгаас 75 дахин том хэмжээтэй Конгыг хувийн эзэмшлээсээ гаргаж, засгийн газартаа шилжүүлж байв. Дараа нь 1960 онд Конго улс Бельгиэс салж, тусгаар тогтнолоо зарлаж байжээ.

Өчигдөр Конго улсын ерөнхийлөгч Фэликс Чисекедид илгээсэн захидалдаа Филипп хаан уучлал гуйгаагүй ч гүн харамслаа илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press