Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрвээ АНУ коронавирустэй тэмцэх аргаа өөрчлөхгүй бол “өдөрт 100,000 хүн өвчилдөг болно” гэж анхааруулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Америкийн хамгийн нэр хүндтэй халдварт өвчин судлаач гэгддэг доктор Энтони Фаучи өчигдөр буюу Мягмар гарагт сенатын эрүүл мэндийн хорооны гишүүдэд цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгчээ.

Хорио цээрийн дэглэмээ сулруулж, олон хүн нэг дор битүү орчинд цугларах боломжийг нээж эхэлсэн нь вирусийн халдварыг хязгаарлах АНУ-ын арга зам “буруу чиглэлд” явж байгаагийн илрэл юм гэж тэр хэлсэн байна.

Хэрвээ энэ алдаагаа засахгүй бол нэг өдөрт Covid-19 халдвар авсан хүний тоо өнөөдрийн 40,000-аас 100,000 болж нэмэгдэх аюултайг Фаучи анхааруулжээ.

АНУ-ын баруун болон өмнөд бүсийн хэд хэдэн мужид коронавирусийн халдварын тоо эрчимтэй нэмэгдэж эхлээд байна.

Сүүлийн өдрүүдэд нийт 12 мужид эмнэлэгт хэвтэх хүний тоо нэмэгджээ. Флорида мужийн Майами-Dэйд дүүрэг эмнэлгийн ачааллаар улсдаа тэргүүлж, эрчимт эмчилгээний тасаг нь хоёр сарын турш дүүрэн ажиллаж байгаа гэнэ.

Техас мужийн Хьюстон хотын эрчимт эмчилгээний тасгийн багтаамж өчигдрийн байдлаар 97 хувийн дүүрэлттэй байсан байна.

“Тоо баримт бүхнийг хэлж байна. Бид буруу чиглэлд явж байгаа нь миний санааг маш их зовоож байна. Бид нөхцөл байдлыг бүрэн хянаж чадахгүй байгаа нь тодорхой боллоо” гэж доктор Фаучи хэлжээ.

Сенатын гишүүд түүнээс Covid-19 өвчнөөр нийт хэдэн хүн нас барах таамгийг нь асуухад тодорхой тоо хэлэлгүй “Сэтгэл түгшмээр тоо гарна гэдэгт би итгэлтэй байна” гэж хариулсан байна.

АНУ-д өнөөдрийн байдлаар 2.6 сая гаруй хүн коронавирусийн халдвар авч, 129,000 гаруй хүн нас бараад байгаа юм. Сонсголыг удирдсан эрүүл мэндийн хорооны тэргүүн, Теннеси мужийн сенатор Ламар Александер амны хаалт зүүхийн ач холбогдлыг энэ үеэр тайлбарлаад “Харамсалтай нь үхлийн аюулаас аврах ач холбогдолтой энгийн энэ практик нь өнөөдөр манайд улс төрийн маргааны сэдэв болоод байна. Амны хаалтыг Трампыг дэмждэг хэсэг нь зүүдэггүй, Трампыг эсэргүүцдэг хэсэг нь зүүдэг болжээ” гэж хэлсэн байна.

Өчигдөр доктор Фаучи хэлэхдээ “Коронавирусийн эсрэг вакцин 2021 оны эхээр бэлэн болно гэсэн өөдрөг хүлээлт байгаа ч анхны вакцин үр дүнд хүрнэ гэсэн баталгаа байхгүй” гэж анхааруулжээ.

Улс төрчид хэтэрхий яарч байгаа нь бүрэн гүйцэд туршиж баталгаажуулаагүй вакцин гаргах эрсдэл үүсгэж байгааг сонсголд оролцсон Холбооны Эм, Хүнсний хэрэг эрхлэх газрын тэргүүн Стефэн Хан бас сенатын гишүүдэд анхааруулсан байна.

 

Эх сурвалж: Bloomberg