Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Энх-Амгалан: 8 жилийн дотор орон нутгийн удирдлага, малчидтай хамтраад 5 САЯ га доройтсон бэлчээрийг сэргээжээ

ikon.mn
2020 оны 7 сарын 1
Өгүүлэл
Зураг зураг

Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт Малын эрүүл мэнд” төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалантай ярилцлаа.

-5 сая га гэдэг чамлахаар тоо биш. Ингэхэд Монгол улс хэдэн сая га бэлчээртэй юм бэ?

110 сая га бэлчээртэй. Нийт газар нутгийнхаа 71 хувийг малын бэлчээрийн зориулалтаар ашигладаг. Газрын нэгдсэн сангийн мэдээллээс үзэхэд нийт хөдөө аж ахуйн 114 809 200  га эдэлбэр газрын 110 391 600 га газар бэлчээрийн зориулалтаар ашиглаж байна. Энэ утгаараа бэлчээр бол яах аргагүй төрийн бодлогын төвд байх ёстой асуудал. Юуны өмнө бэлчээртэй холбоотой гурван зүйлийг уншигчид маань, ялангуяа малчид, орон нутгийн удирдлагууд, төр засгийн бодлого барьж байгаа хүмүүс ойлгоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

Нэгдүгээрт, бидний сүүлийн 10 гаруй жил хийсэн судалгааны үр дүнд хэдийгээр бэлчээр нутгийн 65 хувь буюу 72 орчим сая га газар талхагдсан ч байгалийн жамаараа нөхөн сэргэх чадавхи нь хадгалагдан үлдсэн байна. Тодруулбал, бид зөвхөн ачааллыг нь бууруулж, аажмаар малын тоогоо бэлчээрийн даацад тохируулах бодлогыг шат дараатайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн уламжлалт арга технологи болох улирлын нүүдэл сэлгээг ягштал баримтлан нэг газар олон малын бөөгнөрөл үүсэхгүй байхаар менежментээ хийгээд явбал улс болон малчдын халааснаас ямар ч төсөв хөрөнгө гарахгүй. Байгаль аяндаа өөрийгөө нөхөн сэргээх боломж байна.

Хоёрдугаарт, хэрвээ бид цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол жил ирэх тусам өвөг дээдсийн маань захиж хэлдэгчлэн “хүүхдийн зулай” адил эмзэг тал хээр нутгийн хөрс шороо, ургамал устаж алга болох аюул нүүрлээд байна. Дэлхийн олон улс орны эртэмтэдийн судалгааны үр дүн, манайхтай ижил төстэй экологийн орчин нөхцөлтэй улс орнуудын туулж өнгөрүүлсэн туршлагаас харахад Монголын эрс тэс уур амьсгал, газар зүй, ус чийг, нарны тусгал, агаарын температур зэрэгт хэдэн зуун сая жилээр дасан зохицож ирсэн байгалийн унаган ургамал, хөрсийг орлуулах зүйл хаана ч байхгүй.

Гуравдугаарт, Монгол орны маань газар нутгийн 70 гаруй хувийг эзэлж байгаа бэлчээр нутгийн талхагдал доройтол ноцтой түвшинд хүрсэн. Бид бүгдээрээ л эх орондоо хайртай, тэр тусмаа төрсөн нутаг нь Монгол хүн нэг бүрийн сэтгэл зүрхэнд ямар их чухал байр суурь эзэлдэг билээ дээ. Төрсөн нутгаа нүдний өмнө элсэн цөл болж хувирахыг харахыг хэн ч хүсэхгүй байгаа биздээ! 

Ангилал

Нийт талбай /га/

Эзлэх хувийн жин

Бэлчээрийн газар

    110,391,600

      96.15

Хадлангийн талбай

        1,709,100

        1.49

Тариалангийг газар

        1,100,800

        0.96

Атаршсан газар

           231,600

        0.20

ХАА-н барилга байгууламжийн дэвсгэр газар

           116,400

        0.10

ХАА-н хэрэгцээнд  тохиромжгүй газар

        1,259,700

        1.10

Эх сурвалж: Газрын харилцаа зохион байгуулалт геодози зураг зүйн газрын газрын нэгдмэл сангийн тайлан, 2018 он

-Энэ 5 сая га бэлчээрийг хэрхэн яаж сэргээв?

Юуны өмнө бэлчээрийн сэргэх чадавхи гэж юу вэ гэдгийг уншигчиддаа тайлбарламаар байна. Эрдэмтэдийн олж тогтоосноор манай орон таван хошуу мал бүрт тохиромжтой 160 төрлийн бэлчээртэй. Бэлчээр тус бүрийн өвс ургамлын шимт чанар нь жилийн дөрвөн улиралдаа малын биологи, физиологийн шаардлагыг бүрэн хангадаг.

“Бэлчээрийн сэргэх чадавхийн зарчим” нь бэлчээрийн байгалиас заяасан экологийн чадавхи, түүнтэй харьцуулан тогтоосон талхагдлын бодит түвшинтэй харьцуулснаар гаргадаг. Өөрөөр хэлбэл байх ёстой унаган төрх чадвар нь хэрхэн өөрчлөгдсөнийг тогтоож, түүний үндсэн дээр өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх чадвар нь хадгалагдаж үлдсэн эсэхийг тогтооно гэсэн үг. Бэлчээрийн сэргэх чадавхийн зарчмыг Монгол орны хэмжээнд хийсэн бэлчээрийн туршилт судалгаа, мониторингийн урт хугацааны мэдээ, мэргэшсэн зөвлөхүүд, малчдын уламжлалт мэдлэг туршлага дээр үндэслэдэг. Ингэхдээ Ус цаг уурын улсын сүлжээн дээрх бэлчээрийн мониторингийн үр дүнгийн олон жилийн судалгааг ашиглаж боловсруулах бөгөөд байгалийн бүх бүслүүрүүдэд туршиж шалгаж байж тогтоодог

Бэлчээрийн сэргэх чадавхийн зураглалаас үзэхэд Монгол орны бэлчээрийн доройтол нь ихэвчлэн ургамлын бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлт, нутгийн унаган зүйл ургамлууд малд идэмж муутай, түрэгч ургамлаар солигдох хэлбэрээр илэрч байна. Гэхдээ мал бэлчээрлэлтийн одоогийн горим, ачааллыг тохируулж чадвал  байгалийн аясаараа 10 хүртэлх жилийн дотор сэргэх боломжтой нь харагдаж байна. Тиймээс бэлчээр ашиглалтыг ургамлын сэргэх чадавхи, даацад тохируулах ажлыг төлөвлөлтөөс нь эхлэн хэрэгжүүлэх хянах,  бүхий л шатанд нэвтрүүлэх, нөгөө талаас бэлчээр ашиглагчдын оролцоог хангах замаар бэлчээрийг зүй зохистой ашиглах, мал бэлчээрлэлтийн ачааллыг даацад нь барих, бэлчээр ашиглагч болон ашиглуулагч талуудын хариуцлагыг өндөржүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Монгол орны бэлчээрийн сэргэх чадавхийг 5 ангилдаг.

1-р түвшин: Ургамлын бүлгэмдэл хэвийн, ашиглалтын эрчим, ачааллыг тэжээлийн нөөц (даац)-тэй дүйцүүлэх, улирлын сэлгээ хийх замаар чанар, бүтээмжийг үргэлжлүүлэн тогтвортой хадгалах боломжтой.

2-р түвшин: Ургамлын бүлгэмдэл бага зэрэг өөрчлөгдсөн, хур тунадас боломжийн нөхцөлд ачааллыг бууруулан, улирлын сэлгээ сайн хийж түр амраавал ургамал ургалтын 3-5 улиралд сэргэх боломжтой.

3-р түвшин: Ургамлын бүлгэмдэл талхагдан цөөрч, бүтээмж доройтон, экосистемийн үйлчлэлүүд нэлээд алдагдсан. Ашиглалын эрчим, ачааллыг бууруулах замаар дунджаар 5-10 жилийн хугацаанд сэргэх боломжтой.

4-р түвшин: Зонхилох ургамлын төрөл зүйл устаж, хортой болон шим тэжээл муутай ургамлууд түрж, ус зүйн горим өөрчлөгдсөний улмаас эргэн нөхөн сэргэх магадлал бага, харин үр хачирлах, түрэгч ургамлуудыг устгах, усны горимыг дахин сэргээх замаа эрчимтэй үйл ажиллагаа хэрэгжүүлбэл 10 ба түүнээс дээш жилийн хугацаанд сэргэх магадлалтай.

5-р түвшин: Өнгөн хөрсний алдагдал, эрчимтэй элэгдэл, давсжилтийн улмаас ургамлын бүлгэмдэл хүчтэй өөрчлөгдөж, гол түлхүүр зүйл ургамлууд устаж алга болсон. Ургамал хөрсний харилцан хамаарал, үйлчлэл болон хөрсний шинж чанар үлэмж хэмжээгээр доройтож өөрчлөгдсөн, экосистемийн үндсэн үйлчилгээ бүрмөсөн алдагдсан, байгалийн аясаар нөхөн сэргэх чадвараа алдсан.

Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн цахим хуудсанд байрлуулсан http://pasture.tsag-agaar.gov.mn/ холбоосыг ашиглан сонирхсон аймаг, сум, багийнхаа бэлчээрийн төлөв байдал, доройтлын түвшин, сэргэх чадавхийн талаар тодорхой мэдээллийг авах боломжтой.

-Одоогийн байдлаар үндэсний хэмжээгээр доройтсон бэлчээрийн хэдэн хувь нь буцаад сэргэх боломжтой вэ?

2014 оны бэлчээрийн төлөв байдлын судалгаагаар нийт бэлчээрийн 65 хувь нь доройтсон гэсэн дүн гарч байсан бол 2017 онд дахин хэмжилт хийхэд энэ хувь 57 хувь нь доройтсон гэж гарсан. Хэдийгээр доройтсон бэлчээрийн хувь хэмжээ багассан ч хүчтэй доройтож элсэн цөл болох босгыг давахад тун ойрхон  болсон бэлчээрийн нийт эзлэх хувь 2014 онд 7 хувь байсан бол одоо 13 хувь болж 2 дахин өссөн байна.

65 хувь байснаа 57 болж буурсан шалтгааныг эрдэмтэд тайлбарлахдаа манай Монгол орны бэлчээрийн сэргэх чадвар тодорхой хэмжээгээр хадгалагдаж үлдсэний үр дүн. Нөгөө талдаа сүүлийн жилүүдэд малчид орон нутгийн удирдлагууд бэлчээрийн талхагдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд хийсний үр дүн гэж үзсэн. Тухайлбал, бэлчээрээ өнжөөж амраах төлөвлөгөө гарган малын хөлөөс тодорхой хугацаагаар чөлөөлдөг болсны үр дүн 3-5 жилийн дараа гарч байна гэж үзэж болно. Манай төсөлтэй олон жил хамтран ажиллаж байгаа аймаг, сумдын удирдлагууд, малчид ялангуяа малын тоо бэлчээрийн даацаасаа хэд дахин хэтэрч, олон жил хэтрүүлэн ашигласнаас доройтож байгааг мэддэг болж, үүсээд байгаа бодит хор хөнөөлийн мэдэрч сэргийлэх санаа сэдэл, үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй.

-Ямар төлөв байдалд байсан бэлчээр сэргэсэн бэ?

Бэлчээрийг доройтлын төлөв байдлаар нь 5 ангилалд хуваадаг ба 1 болон 2 дугаар түвшинд байгаа бэлчээрүүд сэргэсэн байна. Эхний 1 ба 2 дугаар түвшинд байгаа бэлчээрийг 3 хүртэлх жил амраахад бүхэлдээ сэргэдэг бол доройтлын түвшин 3 ба түүнээс дээш түвшинд шилжсэн бэлчээрийг сэргээхэд 3-10 жил хүртэл хугацаанд малын хөлөөс бүрэн чөлөөлөх шаардлагатай. Ийм бэлчээр нийт бэлчээрийн 20-30 хувийг эзэлж байна.

Сэргэсэн 5 сая бэлчээр маань байгалийн бүс бүслүүр бүртээ үе шатуудыг дамжин жил ирэх тусам өнгө засаж, урьд нь алга болсон унаган төрхөө олж, малд идэмжтэй ургамлууд нь гарч ирэн үнэр нь хүртэл өөрчлөгддөөд ирсэн. Дахин сэргэсэн бэлчээр нутгийг хараад өөрийн эрхгүй баярлах сэтгэл төрдөг юм байна лээ

Ойт хээрийн бүслүүр: Архангай аймгийн Хангай сум

 

Хээрийн бүс. Дорнод аймгийн Баянтүмэн сум

 

Хуурай хээрийн бүс: Хэнтий аймгийн Баянмөнх сум

 

Цөлөрхөг хээрийн бүс. Баянхонгор аймгийн Баянцагаан сум

 

Цөлийн бүс: Дорноговь аймгийн Хатанбулаг сум

 

Бэлчээрийн ургамалд нөхөн төлжих хугацаа тавьж өгөх үүднээс улирлаар хуваарьтай сэлгэж ашиглах, бэлчээрийн тэжээлийн нөөцийг үл шавхах, бэлчээрийн даацыг үл хэтрүүлэх арга замуудыг малчид, орон нутгийн удирдлагуудтай хамтраад хэрэгжүүлж ирлээ. Хамтын ажиллагааны 10 гаруй жилийн туршлагаас харахад, бэлчээр ашиглалтын одоогийн хэлбэрийг өөрчилж, ачааллыг бууруулж, малын тоог даацдаа тохируулж чадвал Монгол орны бэлчээрийн чанар бүтээмжийг одоогийн түвшнээс нь доройтуулалгүй хамгаалж, улмаар сайжруулах бүрэн боломж байна. Тиймээс байгалийн өөрөө сэргэх боломжийг бүү алдуулаач гэж бүх малчдаасаа, бүх Монголчуудаасаа гуймаар байна.

Ярилцлага өгсөнд баярлалаа.