Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Францын ерөнхий сайд асан төсвийн мөнгийг гэр бүлдээ зарцуулсан шалтгаанаар шийтгүүллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Парис хотын шүүх Францын ерөнхий сайд асан Франсуа Фийоныг төсвийн хөрөнгийг гэр бүлдээ хууль бусаар зарцуулсан хэрэгт яллажээ.

Тэрбээр 1998 оноос хойш нийтдээ нэг сая гаруй еврог гэргий, хүүхдүүддээ хэзээ ч гүйцэтгэж байгаагүй ажлынх нь цалин хөлс болгож төлсөн байна.

Энэ хэргийн төлөө 66 настай Фийон таван жилийн хорих ял, үүнээс гурван жил нь тэнсэн харгалзах ял, 375,000 еврогий торгууль хүлээхээр болжээ. Бас сонгуульт албан тушаал хаших эрхийг нь 10 жилээр хориглосон байна. Ерөнхий сайд асан шүүхийн шийдвэрийг давж заалдахаар болжээ.

Ерөнхий сайд асны гэргий 64 настай Пенелоп Фийон хам хэрэгтнээр татагдаж, гурван жилийн тэнсэн харгалзах ял сонсон ижил хэмжээний мөнгөн торгууль хүлээсэн байна.

2017 оны Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үеэр Фийоны хэргийн талаар дуулиан дэгдсэн нь түүнийг одоогийн ерөнхийлөгч Эммануэл Макронд ялагдахад хүргэсэн юм.

Тэр 2007-2012 оны хооронд Франц улсын ерөнхий сайдын албыг хашиж байв.

Энэ хугацаанд тэр гэр бүлийнхээ гишүүдэд засгийн газрын захиалгат ажил гүйцэтгэсэн нэрээр их хэмжээний цалин хангамж төлж байжээ.

27 насандаа Францын парламентын хамгийн залуу гишүүн болж байсан Фийон нь Франсуа Миттеран, Жак Ширак ерөнхийлөгч нарын үед сайдын албан тушаал хашиж, Никола Саркозиг ерөнхийлөгч болоход ерөнхий сайдаар томилогдож байв. Тэр 2017 онд Францын улс төрөөс гарч, хөрөнгийн менежмэнтийн компанид ажиллах болжээ.

 

Эх сурвалж: Associated Press