Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп жагсагчид руу буу чиглүүлж буй хосын дүрс бичлэгийг твиттер сүлжээнд хуваалцжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн өдрүүдэд арьс өнгөний үзлийг дэвэргэсэн үйлдлийг твиттер сүлжээнд дараалан гаргаад байна.

Өчигдөр буюу Даваа гарагт тэр “Black Lives Matter” хөдөлгөөний тайван жагсагчид руу галт зэвсэг чиглүүлж буй гэр бүлийн хүмүүсийн дүрс бичлэгийг өөрийн твиттер хуудсанд хуваалцжээ.

ABC News сувгийн үзүүлсэн уг дүрс бичлэгт Миссури мужийн Сэнт Луйз хотын нэгэн гэр бүлийн цагаан арьст хос хувийн орон сууцных нь дэргэдүүр алхаж буй жагсагчид руу буу чиглүүлж байгааг харуулсан юм.

Жагсагчдын зарим нь зогсоод хосын зургийг гар утсаараа авч, зарим нь жагсаалаа үргэлжүүлэхийг уриалан хашхирч байжээ.

Зэвсэг барьсан хүмүүс нь 63 настай Марк Макклоски, түүний эхнэр Патриша Макклоски нар байсныг сүүлд тогтоосон байна. Тэд хоёул өмгөөлөгчид бөгөөд хашааных нь жагсагчид гэрт нь довтлохоос айж ийм арга хэмжээ авснаа орон нутгийн хэвлэлд ярьжээ.

Сэнт Луйз хотын прокурор Кимберли Гарднер бичлэгийн мөрөөр шалгаж эхэлснээ мэдэгдсэн байна.

“Бид тайван замаар өрнөж буй жагсаал тэмцлийг хамгаалах ёстой. Ийм арга хэмжээнд оролцогчдыг айлгаж, сүрдүүлсэн ямар ч үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тэр мэдэгджээ.

Өнгөрсөн Ням гарагт Дональд Трамп мөн “white power” гэсэн уриаг хашхирч буй Флоридагийн дэмжигчийнхээ дүрс бичлэгийг твиттер хуудсандаа нийтэлж байв. Олон хүмүүс шүүмжилж эхэлсэн тул уг нийтлэлээ Трамп сүүлд устгасан юм.

Дараа нь Цагаан ордон дэмжигчийн хэлж буй уриаг ерөнхийлөгч сонсоогүй байсан гэж залруулжээ.

Өнгөрсөн амралтын өдөр Принстоны их сургууль арьс өнгөний үзлээ ил тод илэрхийлдэг байсан АНУ-ын ерөнхийлөгч агсан Вудроу Уильсоны нэрийг салбар сургуулийнхаа нэрнээс хасах шийдвэр гаргасан юм.

Дональд Трамп энэ шийдвэрт нэлээд бухимдаж, “Том тэнэглэл!” гэж твиттер хуудсандаа шүүмжилсэн байна.

Энэ оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд арьс өнгөний үзэл, цагдаагийн байгууллагын шинэчлэлт зэрэг сэдэв чухал нөлөө үзүүлэхээр байгаа юм.

Харин энэ тал дээр Дональд Трамп өрсөлдөгч, Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байденаас бага үнэлгээ авах магадлал өндөр байна.

 

Эх сурвалж: Reuters